
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хоёрдугаар сарын үзвэрээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар өндөрлөх гэж байна. Өнөөдөр 17.00 цагаас театрын уран бүтээлчид “Хунт нуур” балетыг тайзнаа амиилуулах юм.
Энэ удаагийн “Хунт нуур” балетын гол дүр Одетта, Одиллияд театрын “хун” хэмээн өргөмжлөгдсөн гоцлол бүжигчин Б.Саруул, Ханхүүд А.Өлзий-Орших, алиа салбадайд Т.Хан-Очир, хорон муу санаат Ротбарт Э.Эрдэнэжаргал, ПА-де-труад Г.Батчимэг, О.Олонбаяр, Б.Пүрэв-Очир, хатан эхэд Р.Байгалмаа, жижиг хунгуудад Г.Батчимэг, Б.Алтаннамар, Ж.Ханбулнай, Г.Маргад-Эрдэнэ, том хунгуудад Б.Баасансүрэн, М.Мөнхтуяа , У.Анужин нар бүжин ДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглох нь ээ.
Энэ үдшийн “Хунт нуур” балетыг Урлагийн гавьяат жүжигчин, удирдаач Ж.Бүрэнбэх дохино.