Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ удаагийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын орчны үнэлгээ, анхаарах асуудал, Тэргүүлэгчдийн 2018 онд баталсан "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн байдал, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих, олон нийтийн цагдаагийн ажлын үр дүн, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, нийслэлийн өмчийн ашиглалтын менежментийг сайжруулах, барилга бүртгэж авах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа ажээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ ба анхаарах шаардлагатай асуудлуудыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр танилцуулжээ. Тус яамнаас 131 сургуульд эрсдлийн үнэлгээ хийхэд 21 нь их, 80 нь дунд, 30 нь бага эрсдэлтэй гарсан байна. Харин 226 цэцэрлэгт мөн эл үнэлгээг хийхэд 28 нь их, 89 нь дунд, 109 нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Гадна орчны гэрэлтүүлэг тааруу, зорчих хэсгийн тохижилт муугаас авахуулаад барилга доторх цахилгааны утаснууд  ил гарсан зэрэг нийтлэг дутагдал илэрсэн аж. Үүнээс гадна зарим сургуулийн орчинд явган зам байдаггүй нь ихээхэн эрсдэл үүсгэж буйг албаны хүмүүс хэлэв. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дахь 47 дугаар сургуулийн сурагчид орчны тохижилт муугаас авто замаар явахаас аргагүй нөхцөл үүсчээ. Эл зөрчлийг арилгахаар тус сургуулийн удирдлага хайс тавьж, түр хугацаагаар явган зам гаргасан гэнэ. Сурагчид зам, тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар явган зам тавихаар болсон байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “их” эрсдлийг багасгаж, “бага” эрсдлийг арилгах ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, БСШУСЯ болон нийслэлийн ИТХ хамтран ажиллах юм.

Тэргүүлэгчид дээрх мэдээллийг сонсоод, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгах санал оруулсан юм. Тухайлбал, тэргүүлэгч С.Мөнхчулуун сургууль, цэцэрлэгийн орчин ажиллаж буй цэнгээний болон уушийн газрын үйл ажиллагааг шалгаж, цэгцлэх шаардлагатай гэв. Тэргүүлэгч Ц.Байгалмаа "Сурагчдын аюулгүй байдлын хангах чиглэлдээр бодлогын яамны дэд сайд ирж мэдээлэл өгсөнд талархаж байна. Сургуулийн засварын төсөв 2019 оноос нийслэлд шилжин ирэх юм байна. Боловсролын байгууллагын орчны гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, улмаар хэрэг, зөрчил багассан нь 119 дүгээр тогтоолын үр дүн болов" гэсэн  байна.