Үнэмлэхүй олонх болсон нам байгуулсан Засгийн газраа солиод жил гаруй болж байгаа энэ үед УИХ дахь бүлгийн даргаа огцруулчихлаа. Яг үнэндээ бүлгийн дарга хэн байх нь ард иргэдэд тийм ч чухал биш. Харин тухайн даргалагчид дараагийн сонгуульд нь маш хэрэгтэй, ашигтай албан тушаал. Энэ албан тушаалд байсан Д.Хаянхярвааг намын бүлгээ хагалсан, эв нэгдлийг хангаж ажиллаж чадсангүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөлийн хуралдаа танилцуулж, өчигдөр бүлгээрээ хэлэлцүүлсэн нь энэ юм.

Бүлгийн хуралд 60 гишүүн оролцож нууцаар санал хураахад 32 гишүүний саналаар Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулахаар боллоо. Харин 27 гишүүн эсрэг санал өгч, нэг хуудас нь хүчингүй байжээ.

Д.Хаянхярваагийн хувьд өөрийг нь үндэслэлгүй шалтгаанаар огцруулах гэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг цуглуулахаа мэдэгдсэн. Тэрээр “Надад гомдол байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг хэрхэн ажилласныг бүлгийн хамт олон илүүтэй дүгнэх байх. Зарчим ярьж болохгүй цаг ирчихсэн юм байна. Хүний алдааг оноог ярьж болдоггүй болчихжээ. Мөн хууль дүрэм хэрэгжихэд хэцүү болсон юм байна. Цаашид би өөрийн дуу хоолойгоо хязгаарлуулахгүй. Яагаад гэвэл ард түмний талд дуугарах ёстой. Түүнээс биш намын, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарахгүй ёсгүй” хэмээсэн юм.

Нэгэнт олонхийн бүлгийн шийдвэр гарсан учир дараагийн бүлгийн дарга хэн болох вэ гэх асуудал яригдаж эхэлсэн. Д.Хаянхярваа бол 64-ын бүлгийн 32-ын талын төлөөлөл. Үндсэндээ хотын фракц гэсэн үг л дээ.

Нэгэнт олонхийн бүлгийн шийдвэр гарсан учир дараагийн бүлгийн дарга хэн болох вэ гэх асуудал яригдаж эхэлсэн. Д.Хаянхярваа бол 64-ын бүлгийн 32-ын талын төлөөлөл. Үндсэндээ хотын фракц гэсэн үг л дээ. Өмнө нь Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 32-ын бүлгийн төлөөлөл байсан ч квотыг квотоор бус 33-ын талын төлөөлөл сайд болоод буй. Үүнийг хүч түрсэн үйлдэл хэмээн 32-ын талын зарим гишүүн тайлбарлаж байсан. Тэгвэл 64-ын бүлгийн даргыг 32-ын талаас томилуулна гэх тохироо ч байгаа аж. Гэхдээ заалны уур амьсгалыг хараад тохирооноос буцах тохиолдол ч улстөрчдөд олонтаа.

Бүлгийн даргад 33-ын талаас Д.Тогтохсүрэн, 32-ын талаас Ж.Бат-Эрдэнэ нарын нэр яригдаж байна. Тэд хоёул парламентад анх удаа сонгогдсон гишүүд. Анх удаа сонгогдсон хүнээр бүлгээр удирдуулах нь зохимжгүй гэх яриаг зарим гишүүн хэлж байгаа гэсэн.

32-ын тал Ж.Бат-Эрдэнийг сайдаас нь огцруулсны шагналд бүлгийн даргын албан тушаалыг өгөх гэж байна уу ч гэж харагдах. Д.Тогтохсүрэнгийн хувьд өмнөх Засгийн газрыг огцруулах бичигт өчиггүйгээр гарын үсэг зурсан хүн. Нөгөө талаар 33-ын тал бүлгээ авчихвал гишүүдээ зангидах эрх мэдэл төвлөрч тэр хэрээр Засгийн газраас оруулж ирж буй саналууд ногоон гэрлээр дэмжигдээд явна.

Дараагийн бүлгийн даргыг энэ долоо хоногтоо багтааж томилох аж. Үүнээс өмнө Төрийн ордонд 64-ын бүлэг хоёр талд хуралдсаар. Мэдээж үүний хажуугаар Засгийн газрыг огцруулахаар хийж буй акц үргэлжилнэ.