Турах, жингээ барихыг хүссэн хүмүүст зориулсан олон янзын дэглэм байдаг. Тэдний нэг нь нүүрс-усны хэмээн нэрлэгддэг нүүрс-ус бага хэрэглэх дэглэмийг үр дүн сайтай хэмээн магтах нь бий. Гэхдээ эрдэмтдийн хийсэн судалгааны дүнд уг дэглэмийг удаан хугацаанд баримтлах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг тогтоожээ.
Герман дахь Зүрх судасны корпорацийн нийгэмлэгээс хийсэн судалгаагаар нүүрс-усыг маш бага хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг болох нь нотлогдсон байна. Уг судалгааны багийг удирдан ажилласан Польшийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн институтын ерөнхийлөгч Масиеж Банаш “Нүүрс-усыг биед хэрэгцээтэй буюу зохистой гэсэн хэмжээнээс багаар хэрэглэдэг энэ дэглэмийг удаан хугацаанд баримтлахаас зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа өдөрт авах илчлэгийн 26 хувиас багагүй нь нүүрс-ус байлгах ёстой. Энэ түвшин 10 хувиас бага болоход, энэ байдлаараа удаан явахад хүний биед элдэв хүндрэл үүсч эхлэдэг” гэж тайлбарлажээ. Мөн цааш нь “Нүүрс-усны дэглэмийг удаан хугацаанд баримтласнаар жингээ хурдан хасах ч нөгөө талд нь эрүүл мэндээ, амьдралынхаа чанарыг ч бас алдаж байдаг” гэдгийг онцлон дурдсан байна.
Нүүрс-ус нь тархийг энергиэр хангагч үндсэн бодис болох глюкозыг үйлдвэрлэгч чухал түүхий эд. Тиймээс ч хэрэглээг огцом багасгавал тархи цусан хангамжийн дутагдалд орж, ажиллагаа нь эрс сулардаг байна. Хүн өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсний нийт илчлэгийн 20 хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг гэдэг. Мөн нүүрс-ус нь хүний бие дэх устай нэгдэн булчинг бүрдүүлэгч гликогенг үүсгэдэг ажээ. Тиймээс нүүрс-ус бүхий хүнс хэрэглэхгүй, эсвэл маш бага хэмжээнд хэрэглэсэн тохиолдолд бие махбод булчин дахь гликогенг задлан, тархины тэжээлийн бодис глюкозыг үүсгэж эхлэдэг. Үр дүнд нь булчингийн жингийн хамт биеийн жин багасч турсан мэт харагдах боловч биед агуулагдах өөхний хэмжээ харьцангуйгаар нэмэгдэж, нуугдмал таргалалтад хүргэдэг байна.
1999-2010 оны хооронд 25 000 хүний дунд хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон хүмүүсээс нүүрс-усны хэрэглээ хамгийн багатай хүмүүсийн нас барах эрсдэл 32 хувиар, үүнээс зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл 50 хувиар, хорт хавдраар нас барах эрсдэл 36 хувиар илүү байжээ.
Масиеж Банаш судалгааны дүнг тайлбарлахдаа “Эрүүл, зөв хооллолтыг сонголгүй бүхэл бүтэн хүнсний бүлгийг цэснээсээ хассан үед үргэлж ийм сөрөг үр дүн гардаг” гэдгийг онцгойлон хэлжээ. “Өдөр тутмын хооллолтонд байгалийн бүх шим тэжээл тэнцвэртэйгээр, зохистойгоор агуулагдсан байх ёстой.Тэдний нэгийг л бүхлээр нь хасахад эрүүл мэнддээ анхаарсан бус эсрэгээрээ эрсдэлд оруулсан үйлдэл болдог нь энэ” хэмээн Масиеж Банаш анхааруулжээ.
Энэ нь мэдээж хэрэг өдөр тутамдаа их хэмжээний нүүрс-ус хэрэглэ биш, харин зөв, зохистой хэмжээгээр сонго гэсэн үг юм.
Хоол хүнсэндээ хэрэглэх нүүрс усны хэмжээг нийт илчлэгийн 50-70 хувь байхаар тооцож, амьтны гаралтай уураг, өөх тос агуулах хүнсний хэрэглээгээ багасан, ургамлын ширхэгт буюу бүхэл үрийн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай уураг хэрэглэх зүйтэй. Харин турах, жингээ барих хамгийн зөв бөгөөд эрүүл арга нь зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших явдал гэдгийг сануулах хэрэгтэй бизээ. Эцэст нь хэлэхэд хоол тэжээлийн тэнцвэрийг алдагдуулалгүйгээр нийт илчлэгийн хэмжээг бууруулах аргаар жингээ хасах зөвлөмжийг ямар ч дэглэмийн үед анхаараарай гэж зөвлөх байна.