Ойрын хугацаанд гурван нарны, нэг салхины станц ашиглалтад орно
Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны болон салхины эрчим хүчний баялаг нөөцтэй. Одоогоор эрчим хүчний нэгдсэн сүлжээнд тус бүр 10 мВт бүхий нарны хоёр цахилгаан станц, тус бүр нь 50 мВт бүхий салхины хоёр цахилгаан станц байдаг бөгөөд нийтдээ 120 мВт-ыг сэргээгдэх эрчим хүчээр нийлүүлж байна. Энэ нь нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 12 орчим хувьтай тэнцдэг. Салбарынхны гаргасан судалгаагаар эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 250 мВт-ын сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх боломжтой гэдэг. Ингэсэн ч сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэх сонирхол их байгаа юм. Үүнийг баримтаар харуулахад манай улс 143 МВт-ын хүчин чадал бүхий зургаан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчтэй. Үүнээс гадна нийтдээ 1200 МВт-ын хүчин чадал бүхий нар, салхины эх үүсвэр барьж байгуулахаар 34 тусгай зөвшөөрөл олгосон талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж буй. Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2013 оноос хойш 463.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ойрын хугацаанд манай улсад сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр нэмж бий болох юм. Тухайлбал, Замын-Үүдэд 15 МВт-ын чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад ороход бэлэн болсон. Улсын комисс есдүгээр сард хүлээн авсан боловч үйлдвэрлэх зөвшөөрөл нь хараахан гараагүй байгаа. Хөшигтийн хөндий орчимд 15 МВт-ын чадалтай нарны цахилгаан станц энэ жилийн эцсээр ашиглалтад орно. Мөн Чойр орчимд 10 МВт-ын чадалтай "Сүмбэр" нарны цахилгаан станц болон Сайншанд салхин парк энэ оны төгсгөлд ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Ингэснээр ойрын хугацаандаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 95 МВт-аар нэмэгдэнэ.
Сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хоёр зүйл тушаа болдог
Одоогоор нийт эрчим хүчний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 хувийг импортоор авч байна. Үүнд сэргээгдэх эрчим хүч 11.8 хувийг эзэлдэг. Өнгөрсөн жил гурван станц ашиглалтад ороход энэ тариф долоон төгрөг 93 мөнгөөр нэмэгдэж, өнөөдөр 11 төгрөг болжээ. Тийм ч учраас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэллээ. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжихөд хоёр бэрхшээл байдгийг албаныхан хэлдэг. Үүнд нэгдүгээрт, цаг агаарын байдлаас шалтгаалсан эрчим хүчний тогтворгүй байдал, хоёрт эрчим хүчний үнэ тарифийн өсөлт нөлөөлдөг аж. Иймээс тогтвортой байдлыг хангахын тулд цахилгаан эрчим хүчний хуримтлуурыг ашиглах шаардлагатай гэсэн байр суурийг салбар яам илэрхийлээд байгаа. Мөн өрсөлдөөн бий болгож үнэ тарифыг бууруулах бодлого баримтлан ажиллаж байна. Ингэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний хуульд өөрчлөлт оруулах арга замыг хамгийн зөв гэж сонгосон. Тэдний тайлбарлаж буйгаар Сэргээгдэх эрчим хүчний хуульд нарны эрчим хүчнээс үүсэлтэй нэг кВт цахилгааны үнийг 15-18 центээр худалдаж авна. Салхины эрчим хүчнээс гарсан цахилгааныг 8-9.5 центээр худалдаж авна гэж заасан байдаг. Нэгэнт хуульд ингэж заасан тул тарифыг үүгээр нь батална. Гэтэл дэлхийн бусад улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын үнийг эрс бууруулсан байдгийг учирласаар өдийг хүрсэн.
Сэргээгдэх эрчим хүч экспортлох алсын амбицтай
Сэргээгдэх эрчим хүчний цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж, томоохон зорилт тавьсан байдаг. Тэр нь 2020 он гэхэд эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20, 2030 онд 30 хувьд хүргэхээр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогодоо тусгасан билээ. Мөн 2023 оноос эхлэн эрчим хүч экспортлохыг “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгасан. Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг юм. Тухайлбал, Парисын хэлэлцээрт нэгдэн дэлхийн уур амьсгалыг бууруулах чиглэлээр хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ дагуу манай улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэх нь тодорхой болсон. Харин дотооддоо энэ эрчим хүчийг ашиглах хүрэлцээ байхгүй тул Азийн супер сүлжээгээр дамжуулан экспортлох замыг сонгоод байгаа билээ. Азийн орнуудад эрчим хүч түгээх хамгийн боломжтой байрлал нь манай улс аж. Тиймээс Азийн супер сүлжээнд биднийг нэгтгэн нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэн борлуулах санаачилгыг дэвшүүлсэн гэдэг. Одоогоор энэ санаачилга ТЭЗҮ батлуулах шатандаа явж байгаа бөгөөд амжилттай хэрэгжвэл манай улс Япон, БНСУ, Хятад тэргүүтэй улс руу сэргээгдэх эрчим хүч экспортох юм.