Мэдээ мэдээллийн еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг км-т” цуврал сурвалжлагаа  уншигч танд хүргэж байгаа билээ.

Энэ удаад Баянбүрдийн аюулгүйн тойргоос 3 дугаар сургууль хүртэлх нэг км зам дагуу үйл ажиллагаа явуулж буй авто машин засвар үйлчилгээний газруудын талаар сурвалжиллаа.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Алтайн нэгдүгээр гудамж буюу Баянбүрдийн аюулгүйн тойргоос  Дөлгөөн нуур, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Их тойруу 3 дугаар сургууль хүртэлх замын хойд талд нийтдээ 57 авто үйлчилгээний газрууд хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж байлаа.

Нийслэлчүүдийн төмөр хүлгээ засаж, сэлбүүлэхээр хамгийн ихээр зорин ирдэг энэхүү газарт авто засвар, агрегат засвар, кузов засвар, тос солих үйлчилгээ, дугуй засвар, авто угаалга, автомашины оёдол, доторлогоо, суудлын бүрээс, автo сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон ашиглалтын материалын худалдаа /будгийн худалдаа,  аккумулятор, гоёл чимэглэл, дугуйн худалдаа/ зэрэг авто үйлчилгээний бүхий л төрлүүд байлаа.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага авто үйлчилгээ эрхлэх хүсэлтээ тухайн орон нутгийнхаа засаг захиргааны байгууллага буюу нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст гарган нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Нийслэлд 750 авто засварын газар үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлийн тээврийн газрын Авто үйлчилгээ, гэрээ хариуцсан мэргэжилтэн Б.Даваадолгороос зарим зүйлсийг тодрууллаа.

-Авто засварын үйл ажиллагааг эрхлэхэд хэрхэн зөвшөөрөл  авах уу. Нийслэлд нийт хэчнээн авто засварын төв үйл ажиллагаа явуулж байна?

-2018 оны байдлаар бид нийслэлийн есөн дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс энэхүү судалгаагаа авсан. Уг хэлтэстэй авто засварын үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гэрээ байгуулдаг.  Үүнийгээ иргэд зөвшөөрөл гэж ойлгодог. Уг нь  харилцан тохирон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах байдлаар л хийдэг гэрээ юм. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 755 иргэн аж ахуйн нэгж авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо гарсан. 2017 оны байдлаар 833 байсан. Энэ нь давхацсан тоон мэдээлэл. Хэрвээ агрегат засвар, кузов засвар, авто угаалга гээд төрөлжүүлбэл нийслэлд одоогоор 1128 иргэн, аж ахуйн нэгж авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Жишээ нь нэг аж ахуйн нэгж дээр 4 төрлийн үйл ажиллагаа явуулахаар уг тоо ихсэж байгаа юм.

-Авто үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг ямар журмаар ангилдаг вэ?

-Авто тээврийн тухай хуулиараа үйлчилгээний байгууллага ангиллаа тогтоолгосон байх ёстой. Уг хуулинд ангилал тогтоолгох гэдэг нь зэрэглэл биш, харин А, В, С гэсэн гурван төрөлтэй хүрээгээр энэ бол дугуй засварын үйлчилгээ, сэлбэг, худалдаа, агрегат, авто угаалга эрхэлнэ гэж заасан байдаг. Хүмүүс А, В, С гэсэн ангиллыг сайн, муу, дунд гэж ойлгох гэдэг. Тийм биш юм. Харин А ангилал нь иж бүрнээр нь нөгөө нь төрөлжсөнөөр нь, хэсэгчилсэн, агрегат засвар гэх мэт орно. В ангилалд энгийн үйлчилгээ буюу засвар үйлчилгээ, авто угаалга багтдаг бол С ангилалд авто машин худалдаа, төв ажиллуулах, ил болон битүү зогсоол эрхлэх үйл ажиллагаа багтдаг.

Нийслэлд бүртгэлтэй 536171 тээврийн хэрэгсэл бий

Бид энэхүү сурвалжлагынхаа хүрээнд Авто тээврийн үндэсний төвөөс Монгол улс болон нийслэлийн хэмжээнд хичнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгааг тодрууллаа. Авто үйлчилгээний мэдээллийн сангийн програм хангамжийг энэ оны гуравдугаар сарын 7-нд ашиглалтанд оруулсан бөгөөд тайлант хугацаанд тус 230 аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдэж, тэдгээр нь 2538 тээврийн хэрэгслийн засварын түүх үүсгэсэн байна.

Сонирхуулахад, Монгол Улсын хэмжээнд нийт 958560 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас нийслэлд 536171, орон нутагт 422389 тээврийн хэрэгсэл тоологджээ.

Нийт 830 авто үйлчилгээний байгууллага орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бол Авто тээврийн үндэсний төвд ангилал тогтоолгосон 230 аж ахуй нэгж нийт 3000 орчим засвар үйлчилгээ үзүүлсэн тоо баримт байна.

Эдгээр авто засварын газруудын үйлчилгээ, чанарт тавьдаг хөндлөнгийн хараа хяналт сул байдгаас монополь эрхтэйгээр үнээ тогтоон үйл ажиллагаагаа ийнхүү явуулсаар л байна. Хийсэн ажлуудаа тайлагнадаггүй, чанаргүй үйлчилгээ үзүүлдэг зэрэг зөрчил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Чухам энэхүү засварчдын гараас өнөөдөр хичнээн бүрэн бус техник гарч, хөдөлгөөнд оролцож байгааг хэлэх аргагүй. Шат шатандаа хяналт тавин энэ мэт эмх замбараагүй үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг цэгцлэх цаг нэгэнт болсон биз ээ.

Өмнөх дугааруудад бид Баянзүрх дүүргийн 7, 8 дугаар хороо буюу Зүүн дөрвөн замын уулзвараас  Сансрын  аюулгүйн тойрог хүртэлх зайд хийсэн "Нэг км замд 42 ломбард"  сурвалжлагаа  хүргэсэн.  Өнгөрсөн долоо хоногт Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Home Plaza" дэлгүүрийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх зайд "Нэг км зайд 19 хотхон, хороолол" , Чингэлтэй дүүргийн Худалдааны гудамж дагуу хэдэн эмийн сан, эмийн бөөний худалдааны төв байрладаг талаар "Нэг км замд 53 эмийн сан, бөөний худалдааны төв" сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн юм.