
Ажлын гараа нь ахиж яваа залуу бизнесмен, захирал Гарьдын толгойд зөвхөн Саруул бодогдоно. Харин Саруул бол түүнээс тэс өөр өвөрмөц нэгэн. Зураач бүсгүйтэй ойн гүнд санаандгүй таарч, гэрт нь хүртэл орж дайлуулсан Гарьд тэрхүү байрыг дахин зорин очино. Тэр түүний нэрийг ч мэдэхгүй салсандаа биш хэтэрхий өөрийг нь соронзон мэт татах түүнийг илүү их мэдэхийг хүснэ.

Гадаадад өндөр боловсрол эзэмшин, нэгэн том компанийн захирлын алба хашиж байгаа ч тун удахгүй корпорацын ерөнхий захирлын суудал дээр суухаар яригдаж байгаа Гарьдын хувьд хэн хүний нүдэнд хөнгөн хийсвэр харагдах Саруулд юугаа ч өгөхөд бэлэн. Харин Саруул бол өөрийнхөө үзэл бодлоор өөрийнхөө ертөнцийг цогцлоон байгаа хэнээс ч хараат бус эрх чөлөөт уран бүтээлч зураач бүсгүй. Гэхдээ тэд нэг нэгэн рүүгээ татагдах хүслээ дарж үл дийлнэ. Татгалзаж чадаагүй дуудлага, мартаж чадахгүй амт, орхиж болохгүй хүсэл нь тэднийг улам бүр нэг нэгэн рүү нь татна.

Энэ бол найруулагч Ж.Сэнгэдоржийн өчигдөр өлгийдөн авсан “Lovers” киноны нэгээхэн хэсэг. Ямагт өөр байж чаддаг тэрбээр энэ удаад үзэгчдэд дурлалын романсыг дэлгэв.
Түүний хувьд энэхүү киноныхоо зохиолыг жүжигчин, найруулагч А.Баттүшигтэй хамтран бичжээ. А.Баттүшигийн хувьд энэ удаад ч мөн түүний бүтээл дээр хоёрдугаар найруулагчаар ажилласан байна. Найман сар гаруйн хугацаанд бүтээсэн киноны гол дүрийн жүжигчид хэн хүний анхаарлыг хамгийн ихээр татаж байсан.

Зориг шаардсан, хэд хэдэн эротик сценүүдтэй энэхүү киноны гол дүрийн жүжигчдийг найруулагч Сэнгээ сонгохдоо топ модель шиг уран гуалиг бие, тормолзсон алаг нүдтэй бүсгүй, булчин шөрмөс нь зангирсан биетэй залууг чухалчлаагүй гэнэ. Харин хүн бүрт байдаг гоо сайхныг илүүтэй товойлгон харуулахаар гол дүрийнхээ хоёр жүжигчинг энгийн хүмүүс байлгахыг зорьсон тухайгаа киноны нээлт дээр ярьж байлаа. Мөн тэрбээр “Хүмүүс гадуур эротик кино гэж цуураад байна. Тийм үзэгдэл бий ч бүхэлд нь эротик гэж ойлгож болохгүй. Өнгө мөнгө рүү орсон гэгдээд байгаа хайр гэдэг чинь ийм зүйл байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон” хэмээн онцлон хэлсэн юм.

Мөн кино багийнхан дурлалын романсынхаа төгсгөлийн хэсгийн зураг авалтыг хайр дурлалын хот Парист хийжээ.
Хайрыг гэгээлэг талаас нь харуулсан энэхүү бүтээлд жүжигчин Э.Чинзориг, Д.Гэрэлмаа, С.Баттулга, Э.Мөнхтөр нар тогложээ. Киноны гол дүрийн жүжигчин Д.Гэрэлмаагийн хувьд энэ нь анхны уран бүтээл гэдгээрээ онцлогтой юм.
Найруулагч Ж.Сэнгэдорж зөвхөн нэг жанарт баригдаад байх дургүй нэгэн. Тэр ч утгаараа түүний найруулсан сүүлийн гурван бүтээл гэхэд л өмнө нь хийж байгаагүй инээдмийн төрлийн “Омарын эрэлд”, түүхэн төрөлд “Босуул”, хайрын романсаар ийнхүү “Lovers”-ыг дэлгэн, үзэгчдэд өөрийгөө өөр өөр өнцгөөс тольдох боломжийг олгосоор буй юм. Тиймдээ ч тэрбээр үзэгчдэд дэлгэцийн бүтээлийг чимх инээдтэй, түүхтэй нь, адал явдал, хайр дурлалтай нь амтлуулан байгаа юм.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Lovers” хайрын романс “Гэгээнтэн”, “Өргөө”, “Тэнгис” кино театруудаар үзэгчдийн хүртээл болж байна.










