Олон улсын адууны нутгаар аялаад ирлээ гэвэл хэн ч Хөххот ороод ирж гэж таахгүй. Гэхдээ удахгүй Хөххот ийм алдар цуутай болох гэнэ. Өмнөд хөршийнхний аялал жуулчлалыг хөгжүүлэх холын хараатай, ойрын цараатай бодлогынх нь нэг энэ юм. Өвөрмонголыг хөдөө нутгийн аялал жуулчлалын бүс болгох стратегийн зорилтыг хэдхэн жилийн өмнө дэвшүүлсэн нь эдүгээ ийнхүү эрчээ авчээ. Хөххотыг олон улсын адууны нутаг болгоод зогсохгүй Авга хошууг хар адууны өлгий, Сөнөд баруун хошууг тал нутгийн хурдан хүлгийн нутаг, Шилийн гол аймгийг Хятад улсын адуун соёлын төв гэх мэтээр зарласан байна. Өвөрмонголчуудд адууны өв соёлыг аялал жуулчлалын брэнд, эдийн засгаа тэлэх орлогын эх үүсвэр болгохоор зорьж буй нь эндээс харагдана.
Юутай ч Хятадын сүүний нийслэл хэмээн алдаршсан Хөххот олон улсын адууны нутаг болох амбийцтай байгаа аж. Хөх хот орчмын нутгийг эртний түүх, дурсгалын өлгий, 500 мянган жилийн өмнөх Да Яаогийн соёлын голомт хэмээн үздэг. Энэ нь хөрсөн доорхи арвин их нүүрс зэрэг эрдэс баялгаас нь илүү ашиг орлого олох, аялал жуулчлалыг хөгжүүлэх шавхагдашгүй нөөц гэдгийг тэд тооцжээ. Гурван сая хүн амтэй энэ хотын эдийн засгийн нэг гол салбар нь аялал жуулчлал болжээ. Жуулчдыг татахын тулд дэд бүтцээ дээд зэргээр хөгжүүлж. Дээр нь үзэж харах зүйлийг нь хангалттай бий болгосон байна. Хөххотын үндэсний түүхийн музей нь л гэхэд асар арвин баялаг үзмэртэй. Тогтож үзье гэвэл лавтай гурав, дөрвөн цаг зарцуулдаг юм гэсэн. Уг музейн барилгын хийц дизайн нь маш өвөрмөц. Үүгээрээ ч хол ойрын хүмүүсийн нүдийг хужирлана. Өвөрмонголын түүхийн бүхий л үнэт зүйлсийг хадгалж, тэдгээрээс дээжлэн үзүүлж байдаг уг музей жуулчдад зориулсан танин мэдэхүйн том цогцолбор аж. Шинэ чулуун зэвсгийн үеийн ховор олдворууд, Хүннүгийн үеийнг хөгжмийн зэмсгүүд, алтаар чимэглэсэн мөнгөн гутал зэрэг нүүдэлчдийн эд өлгийн ховор нандин дурсгалууд энд бий. Өвөрмонголын өөртөө засах орны хэмжээнд 21 мянган түүхийн дурсгал байдгаас 100 гаруй нь БНХАУ-ын төрийн хамгаалалтад байдаг өндөр зэрэглэлтэй дурсгал аж. Тэдгээрийн дийлэнхийг нь Хөххотын үндэсний түүхийн музейд хадгалдаг байна. Энэхүү музейтэй эн зэрэгцэхгүй ч орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлснээрээ анхаарал татах музейг Өвөрмонголын өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан байгуулжээ. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийг харуулсан энэ музейн монгол үндэстний хувцас, гоёлын танхимууд, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний үзмэрүүд эрхгүй нүд хужирлана.

БНХАУ-ын төр засгийн зүгээс Өвөрмонголд соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа нь дээрхээс анзаарагдана. Хөххотын үндэстний тоглолт урлагийн бүлэглэл буюу манайхаар бол Үндэсний дуу бүжгийн чуулгаар орж, уран бүтээлчидтэй нь уулзах завшаан бидэнд олдсон юм. 350 орчим уран бүтээлчтэй, гурван театртай энэ том урлагийн байгууллага монгол үндэстний дуу хуур, бүжиг, дуулалт жүжгийг хятад дуу, хөгжим, бүжигтэй хослуулан орчин үеийн өнгө аясаар сүлэлдүүлэн уран бүтээлээ дэглэдэг байна. Үүнийгээ Эл Рен Тай урлаг гэж нэрийддэг бөгөөд Юань улсын үеэс эхтэй, Хатан голын урсгал дагуу тархсан урлагийн нэг хэлбэр хэмээн тайлбарлана лээ. Монгол соёл, хятад соёл хоорондоо уусан найрссан энэ урлаг XV зуунд Түмэдийн Алтан хааны үед цэцэглэн хөгжжээ.Эл Рен Тай урлагийн бүтээлд харилцаа дуунд гэхэд эрэгтэй нь хятад бол эмэгтэй нь монгол, эсвэл эрэгтэй нь монгол бол эмэгтэй нь хятад байх ёстой гэх мэт дэг жаяг бий аж. Хөххотын үндэстний тоглолт урлагийн бүлэглэлийн уран бүтээлчид Монголд соёлын солилцоогоор гурван ч удаа ирж байсан гэнэ. Хилийн чанадад олон улс орноор аялан тоглодог, “Марко Пологийн домог” дуулалт жүжгээ л гэхэд АНУ-д 500 удаа тоглосон хэмээн удирдлагууд нь танилцуулсан.

Ордос хотын төв Чингисийн талбай.

Ордос хотын шинэ дүүрэг дэх номын сан, музейн барилга
Өвөрмонголчууд Хөххот, Ордос, Бугат гэсэн гурван хотоо аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэдэг. Эдгээр хотуудын аялал жуулчлалыг интеграцчилан хөгжүүлэх талаар одоо ид ярьж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сард энэ асуудлаар дээд хэмжээний уулзалтыг Бугат хотод зохион байгуулжээ. Алтан гурвалжин гэгдсэн дээрх гурван хот 2018 оны эхний хагаст 18 сая дотоодын жуулчин хүлээн авчээ. Энэ нь Өвөрмонголын дотоодын жуулчдын 41 хувь нь гэсэн үг юм. Ер нь БНХАУ-д дотоодын жуулчдын тоо асар их. Аравдугаар сарын эхээр тохиосон Хятадын үндэсний баярын үеэр дотоодын 726 сая жуулчин хүлээн авсан гэсэн мэдээг БНХАУ-ын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэн гаргасныг олж үзэв. Энэ бол зургаан жилийн өмнө буюу 2012 онд Өвөрмонголын өөртөө засах орны захиргаанаас гаргасан Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх саналын бодит үр дүн гэнэ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэгт өвөрмонголчууд өнөөгийн хэллэгээр бидэнд жинхэнэ “хичээл заана”. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд тунхаглаад орхичихсонгүй дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Сүүлийн жилүүдэд Өвөрмонголын хэмжээнд нэгдүгээр зэрэглэлийн авто зам 5000 км-т хүрч, 94 хошуу шянь хурдны болон нэгдүгээр зэрэглэлийн авто замаар холбогдсон гэнэ. Төмөр замынх нь урт 2012 онд 9500 км байсан бол зургаан жилийн дотор 13 мянга 500 км болсон байна. Одоо Бээжин, Жинин, Хөххот, Бугат, Ордосыг холбосон хурдны төмөр замын ажил ид өрнөж байгаа аж. Нисэх онгоцны буудлын тоо хоёр дахин нэмэгдэж 24-т хүрсэн нь Хятадад тэргүүлэх үзүүлэлт болж. Мөн аялал жуулчлалын бүсүүддээ 619 сая юанийн хөрөнгө оруулалт хийж 2000 орчим боловсон жорлон байгуулсан байна. Иймэрхүү толгой эргэм тоонуудыг Өвөрмонголын аялал жуулчлалын салбарын танилцуулгаас харж болно.
Ингэж дэд бүтцийн бүтээн байгуулалтын үндсэн дээр Өвөрмонголын орон нутаг, үндэстэн ястан, уламжлалт зан үйл, түүх соёлын онцлогтой аялал жуучлалыг хөгжүүлж байгааг Хөххотоос Ордос хүртэл Түмэдийн их талаар хурдны замаар давхиж, Бүрээ манхны таван одтой зочид буудлыг харан нүд хужирлаж явахдаа харж, мэдрэв. Ордос хотын тухайд бол монголчууд олноороо аялдаг болохоор элдвийг нурших нь илүүц биз ээ. Хэдхэн жилийн өмнө Ордосыг эзэнгүй, сүнстэй хот гэгдэж байсан бол одоо байдал өөр болж. Асар их хөрөнгө оруулалт хийн барьж байгуулсан шинэ дүүрэг нь хөл хөдөлгөөн ихтэй, үзвэр үйлчилгээ, амралт зугаалгын төв болон хувирсан байна. Ордос хот Чингисийн онгон, тахилга тайлгын соёл, 10 гаруйхан жилийн дотор Сингапурын архитектурын хэв маягийг шингээн барьж байгуулсан Хия багшийн дүүргийн хот байгуулалт, барилга байгууламжийн өвөрмөц шийдэл, монгол үндэстний түүх, соёлыг харуулсан хөшөө баримал, хотын шөнийн үзэмжээрээ жуулчдыг татдаг юм байна. Ордос монгол үндэстний уламжлалт ёс заншил, өв соёл хамгийн бүрэн бүтэн хадгалагдаж байгаа газар нутгийн нэг аж. Ордос хурим, Чингис хааны тахилга зэргийг төрийн биет бус соёлын өвөөр бүртгэжээ. Ордос БНХАУ-ын ноолуурын хот гэгддэг бөгөөд дэлхийн ямааны ноолуурын аж үйлдвэрийн төв хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүн дээр нэмээд аялал жуулчлалын алтан гурвалжингийн нэг болон хөгжиж буй. Ордос Өвөрмонголын хэмжээнд хамгийн олон жуулчны баазтай гэхээр саалиа бэлдэхээр саваа бэлдэж суугаа ажээ.
Өвөрмонголын уул уурхай, хүнд үйлдвэрийн төв болох Бугат хот аялал жуулчлалын бүс болохоор зорьж байгаа нь эдийн засгаа солонгоруулах бодлогынх нь илрэл. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбараас олж буй мөнгөөрөө аялал жуулчлалын салбараа тэтгэж байгаа нь энэ бизээ. Улирлын чанартай аялал жуулчлал Өвөрмонголын аялал жуулчлалын нэг сул тал байсан бол одоо цас мөсний баяр, говь, хээр талын намрын өнгө үзэмжийг аялал жуулчлалын брэнд болгожээ. Адууны баяр, тэмээний баяр гээд нүүдэлчдийн өвөрмөц онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд ч олон зохиогддог байна. Ордосын Эзэн хороон дахь их эзэн Чингис хааны онгоны цогцолбор л гэхэд жилийн дөрвөн улирлын тахилга, өдөр тутмын тайлга тахилгыг зохион байгуулж, дотоод, гадаадын жуулчдыг соронздон татсаар байдаг аж.

Ордос хот Монголын түүх, соёлыг илэрхийлэх хөшөө олонтой

Ордос малгайн хэлбэртэй театрын барилга