Google корпораци сүүлийн 2 жилд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 48 ажилтнаа халсан гэж тус корпорацийн ерөнхий захирал Сундар Пичай мэдэгдлээ. Эдгээр ажилтнуудын 13 нь ахлах менежер буюу удирдах ажилтан байсан аж. Андройд үйлдлийн системийн төвийн ахлах Энди Рубин 2013 онд нэгэн ажилтнаа зочид буудлын өрөөндөө дуудаж, өөрт нь аман секс хийж өгөхийг шаардсан тухай New York Times сүр дуулиантайгаар нийтлэсэн нь өнгөрсөн пүрэв гараг байлаа. Хохирогч Энди Рубиныг ажлаас нь халахыг Google-ээс шаардсан тухай тус корпорацийнхан мэдэгдсэн. Тэд хохирогчийн хүсэлтийг биелүүлэхийн зэрэгцээ Энди Рубинд 90 сая ам.долларын нөхөн олговор өгсөн ч хэвлэлийнхэнд ам нээхгүй байхыг хүссэн аж.
Харин Энди Рубины төлөөлөгч Сэм Дингер Блүүмберг хэлэхдээ "Рубин 2014 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэр Google-д өөр газарт ч ийм хэрэг хийгээгүй. Энэ хэрэг болох үед хохирогч гэх ажилтантай хувийн харилцаатай байсан. Тухайн үед Google-д удирдах ажилтнууд ажилтантайгаа хувийн харилцаатай байж болохгүй гэсэн дотоор дүрэм, компанийн бодлого байгаагүй” гэж мэдэгдсэн юм.
Сундар Пичайн хувьд корпорацийнхаа доторх сахилга бат, ажилтнуудын мөрдөх дотоод журмыг улам чангатгаж буйгаа албан ёсоор мэдэгдэж, бэлгийн дарамт үзүүлсэн ажилтнуудыг халахдаа ямар ч нөхөн олговор өгөөгүй гэдгийг онцолжээ.
Google-ийн ажилтан бүсгүйн хэлснээр “Манай корпораци бэлгийн дарамт үзүүлэгчид, хүчирхийлэгчдийг хамгаалж, тэдэнд нөхөн олговор өгч буй нь ийм хэрэг үйлдчихээд ямар ч хариуцлага үүрэхгүй зөвхөн ажилгүй болно гэсэн бодлыг хүмүүст төрүүлж байна. Нөхөн олговор авч байгаа нь хүчирхийлэгчдэд харин ч ашигтай. Харин хохирогч эмэгтэйчүүд доромжлогдож үлдэж байна” гэжээ.