15 настай Э охин цахим хүчирхийлэлд өртөж, түүнийгээ гэр бүлийнхнээсээ нууснаас амиа хорлох шахжээ. Азаар муу зүйл холуур өнгөрсөн ч тэрээр сэтгэл заслын эмчилгээнд явж, эмнэлэгт сар гаруй хэвтсэн байна.

Өөр нэг жишээ: Цахим орчинд тархсан “Цэнхэр халим” хэмээх нэртэй тоглоом тоглосоор адаг сүүлдээ донтсон 14 настай охин мөн л амиа хорлохоор цахилгааны шон руу авирч байжээ.

Энэ бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан жишээнүүдийн нэгээхэн хэсэг. Монголд 10-аас дээш насны 3 хүүхэд тутмын 1 нь фэйсбүүк хэрэглэдэг. Фэйсбүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47 хувь нь 2 ба түүнээс дээш хаягтай, 46.4 хувь нь админ эрхтэй аж. Тэдний 37.3 хувь нь сөрөг сэтгэгдэл бичдэгээс 17 хувь нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигласан гэх судалгаа байна.

Манай улсад 1.2 сая хүүхэд байна. Өсвөр насныхны 70-ээс дээш хувь нь цахим орчинд үе тэнгийнхнийхээ дарамтад өртөх, хэлсэн үгийг нь эмзгээр хүлээж авах байдал түгээмэл аж. Тиймээс томчууд бидний хараа хяналтаас гадна хүүхдэдээ цаг гаргаж ярилцаж найз шиг байх нь хамгаас чухал гэдгийг сэтгэл судлаачид хэлж байгаа юм.

СЭМҮТ-ээс хийсэн судалгаагаар цахим гэмт хэргийн хохирогч болж буй нийт хүүхдийн 82.3 хувь нь хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг зэрэг гэр бүлийн буруу хүмүүжилтэй холбоотой байгааг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн албаны хүн хэлж байв.

Судалгаагаар 4 хүүхэд тутмын нэг нь интернэт хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулжээ.

Хүүхдэдээ фэйсбүүк нээж өгч ашиглахыг зөвшөөрсөн бол гэмт хэрэг, хулгай дээрэм халдлагаас сэргийлэхийн тулд танихгүй хүмүүсийг фэйсбүүк найзаар нэмэхгүй байхыг хатуу анхааруулахыг холбогдох албаныхан уриалсаар ирсэн. Хүүхдүүд фэйсбүүкт таарах аль нэг линкийг сонирхолдоо хөтлөгдөөд дарчихдаг. Үүгээр дамжаад тухайн хүүхдийн хувийн мэдээлэл очдог байхыг үгүйсгэхгүй. Эцэг эхийн хяналт энд л байх ёстой. Найзуудаасаа ирсэн холбоос мэдээллийг дарж үзэж болохгүй зэрэг анхан шатны мэдээллийг хүүхдүүддээ байнга сануулж байх нь та бидний үүрэг юм.

Судалгаагаар 4 хүүхэд тутмын нэг нь интернэт хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулжээ. Тэгэхээр цахим орчинд хүүхдийг хамгаалах асуудлыг хөтөлбөр, зорилт, нөхцөл шаардлагаар бус, заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болох хуулиар тодорхойлж, зохицуулах шаардлага хэдийнэ үүссэн гэсэн үг.

2016 оны байдлаар нийт өрхийн 40 гаруй хувь нь гэртээ интернэтэд холбогдсон, давхардсан тоогоор гурван сая гаруй хүн гар утас хэрэглэгч гэсэн статитистик тоо байна. Фэйсбүүкийг 1.5 сая хүн интернэт орчин дахь гол хэрэглээгээ болгосоор байгаа юм. Товчхондоо, интернэт хэрэглэгчийн 96 хувь нь фэйсбүүк ашиглаж байна. Сүүлийн 3 жилд фэйсбүүкийг хүүхдүүд их ашиглаж эхэлсэн гэх судалгааны дүн бий. Мэдээ мэдээллийн асар хурдацтай цаг үед амьдарч буй бид хүүхдээ цахим орчин дахь гэмт хэрэг, халдлагаас хэрхэн хамгаалах вэ гэх асуудал үүсч байна.

Фэйсбүүкийн хэрэглээг дагаад аюулгүй байдал хэр байна вэ. Хүүхдүүд сургуульд орсон хойноо багш нар,ахлах ангийнхнаа харж үлгэр дууриалал авдаг байна. Тиймээс нийслэлийн ЕБС-ийн 600 орчим нийгмийн ажилтанд боловсролоор дамжуулж хичээл оруулах, өсвөр үеийнхэнд мэдлэг мэдээлэл өгөх шаардлага бий юм. Өөрөө мэдэхгүй тоглоомын хамааралд орохоос хүүхдийг сэргийлэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал байна.

Нэг ёсондоо хүн төрөлхтний сүүлийн 50 жилийн амьдралын хэвшил хэмнэлд гарч байгаа өөрчлөлтийн нэг нь яах аргагүй цахим орчин. Хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг газар гэр бүл бус цахим орчин буюу интернэт болж байна. Манай улсад Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлээд хоёр жил болж буй. Хууль бодит байдалтай нийцэхгүй заалтууд байгаагаас амьдралд төдийлэн хэрэгжихгүй байгаа юм.

Хүүхэд хамгааллын хуулийг манай улс анх удаа баталсан нь том алхам болсон ч цахим орчинд хүүхдийг хамгаалах онцгой зохицуулалт үгүйлэгдсээр байна. Хуульд нарийвчлан тусгаагүй энэ заалтыг журмаар зохицуулах боломжгүй гэдгээрээ өрөөсгөл. Зөвхөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний дарааллыг тогтоосон юм, энэ хуулиар. Өнөөдөр бидэнд цахим орчинд болж байгаа зохистой болон зохисгүй үйл явдлууд бүгд бодит ертөнцөд болж байгаа мэт зохицуулалттай байх шаардлага үүсч байна. Энэ нь нэг талаараа холбогдох хууль, тогтоомжийг таниулах, сурталчлах, соён гэгээрүүлэх, хүүхэд багачуудад цахим орчны соёлтой хэрэглээг төлөвшүүлэх ёстойг анхааруулсан дохио юм.

Наанадаж, цахим тоглоомын газрын насны ангилал, түүний зүй зохистой хэрэглээний талаар мэдээлэл хүргэх, хүүхэд багачууд, өсвөр насныхан, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд цахим орчны аюулгүй байдал, зөв зохистой хэрэглээ, гарын авлагаар хангах явдал дутмаг хэвээр байгаа.

Үргэлжлэл бий