Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох зорилгоор Баянхонгор, Дархан-Уул аймагт алт, үнэт металлын сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгууллаа.
Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд уг нэг цэгийн үйлчилгээний төвүүд нээгдэж буй аж. Энэ хүрээнд 790 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивласан байна.
Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоо бүрдэх аж. Ингэснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна.