Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр иргэнээс ирсэн гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тодруулбал, 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа "Ханару" минимаркетад БНСУ-аас импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийн хугацааг засварлан иргэд, аж ахуйн нэгжид борлуулж байсан нь шалгалтаар нотлогдсон байна. Тухайн хүнсний дэлгүүрт ажилладаг байсан ажилтны аравдугаар сарын 4-нд гаргасан гомдлын дагуу НМХГ-ын улсын байцаагч нар гэнэтийн шалгалт хийхэд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй байсан тул 1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ. Түүнчлэн аравдугаар сарын 15-нд гомдол гаргагч дахин мэдээлэл өгсний дагуу шалгалт хийхэд Солонгос улсаас импортоор оруулж ирдэг хүнсний бараа бүтээгдэхүүний хугацааг гар аргаар засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогджээ. Үүнд, хадгалах хугацаа болон он сарыг шошго наах болон гар аргаар зассан 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн, саатуулжээ.
Мөн хаяг шошгын зөрчилтэй 40 энэр төрлийн 11 сая 648 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн аж. Дээрх зөрчлүүдтэй холбоотойгоор одоогоор 20-25 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулахаар болжээ.


НМХГ-аас хяналт шалгалт хийхдээ урьдчилан мэдэгдэх нь дээрх хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хуулийн цоорхой ашиглах боломжийг олгосон хэмээн холбогдох албаныхан дуулгалаа. Учир нь 2018 онд хийх хяналт шалгалтын тухай мэдээллийг 2017 оны 12 сарын 1-нээс өмнө гаргасан байдаг бөгөөд аливаа хяналт шалгалт хийхдээ урьдчилан мэдэгддэг журамжтай аж. "Ханара мини" маркетадад 2017 онд шалгалт хийхэд зөрчил илрээгүй дунд зэргийн эрсдэлтэй гарсан байна. Харин иргэний гомдлын дагуу хийж буй хяналт, шалгалтын урьдчилан мэдэгдэх хуудас илгээхгүй гэнэт хийдэг учраас ийнхүү зөрчлүүдийг газар дээр нь илрүүлжээ.
Хоол хүнсний хордлого, халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 18 нэр төрлийн ургамлын гаралтай, 11 нэр төрлийн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс нийт 29 дээж авч, ургамлын эрүүл ахуй, хими, хор судлал, хүнд металлын шинжилгээнд хамруулжээ.

"Ханара март" ХХК-аас "Sky Foods", "Шинэ Ариранг", "Korean House", "Kimbab Chon Gug", Улаанбаатар их сургууль гэх мэтчилэн нэр бүхий 14 солонгос хоолны газарт хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлснийг татан авалт хийхээр болжээ.
Эдгээр бараа бүтээгдэхүүнийг "Ханару март" ХХК он гарсаар 4 удаа улсын хилээр оруулж ирсэн ч гаалийн мэдүүлэг дээр хугацаа нь дуусах дөхөж байгаа болон зөрчилтэй хүнсний бараа бүтээгдэхүүн бүртгэгдээгүй тул аль хил гаалиар хэрхэн оруулж ирснийг тодруулахаар гэмт хэргийн шинжтэй зөрчлийг цагдаагийн газарт албан ёсоор мэдэгдэж бичиг хүргүүлсэн байна.
Иймд НМХГ-аас иргэдэд дараах бараа бүтээгдэхүүнийг авч хүнсэндээ хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүллээ.





