УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсч байна. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тодруулга авч байгаа юм. Гишүүдийн дийлэнх нь валютын ханшийг хэрхэн зохицуулах талаар хөндөж байлаа.
Эдгээр асуултад Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Үүнийхээ төлөө ажиллаж байгаа, цаашдаа ч тийм байх болно. Гэхдээ Монголбанк дангаараа хэрэгжүүлэхэд хэцүү. Ганц мөнгөний бодлогоор удирдах боломжгүй. Бусад бодлогуудтай уялдах учраас би Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг барьдаг Байнгын хорооны хуралдаанд ирж ярьж байна. Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд алтны нөөцөө нэмж байгаа. Гадаадын хөгжилтэй зээл тусламжийн бодлогоо эрчимтэй явуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нөөц өсөх аргын нэг. Экспорттой холбоотой судалгааг бид хийж байгаа. Гадаад худалдааны бодлого алдагдчихлаа. Үүнийг хариуцсан төрийн яам, агентлаг байгуулж ажиллахгүй бол болохгүй болжээ. Монголчууд суурин иргэншилтэй. Худалдаагаар эдийн засгийн хөгжлийг хэмжиж байна. Энэ асуудлыг хариуцсан яамгүйгээр явж ирсэн. Хөгжлийн ийм том байгууллага байвал улс орны эдийн засгийн хөгжлийн гол түлхүүрээ барьж ажиллана.
Валютын ханшийн өсөлтөөс хожоо гаргах тухай Д.Тэрбишдагва гишүүн хэлж байна. Энэ зөв зүйтэй асуудал. Рубль, юанийн эсрэг төгрөг чангарч байгаа. Худалдан авалтаа энэ валютаар хийхийг эрмэлзэж байна.
Монголын эдийн засагт гадаад валютын урсгал орж ирж байвал арилжааны эсвэл гадаад банк байна уу гэдэг нь зарчмын асуудал биш. Оюутолгойтой бид хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. Тэд “Бидэнд бэрхшээл гарсан. Танай татварын албанаас ирээд манай арилжааны банкинд байсан дансыг хаасан. Энэ манайд хүндрэлтэй байна. Цаашид ийм зүйл гаргахгүй байвал сайн байна” гэдгийг хэлсэн. Төв банкны зүгээс “Монголд валют орж ирж байвал аль банкаар орж ирэх нь хамаагүй” гэх байр суурьтай байгаа гэлээ.
Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ОУВС-гийн хөтөлбөрөөр энэ онд 700 орчим сая доллар орж ирнэ. Төлбөрийн тэнцэлтэй холбоотой 150 сая доллар орж ирэх юм. Хэдийгээр энэ мөнгийг төлбөрийн тэнцэл гэж авч байгаа ч ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас ирж шалгадаг. Энэ мөнгө оны төгсгөлд орж ирэх болов уу гэсэн хүлээлт байна. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний урсгал 2018 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нефтийн бүтээгдэхүүнийх 38.1, хөрөнгө оруулалт 54.7, аж үйлдвэрийн орц 13.9 гээд нийт импорт 41.9 хувиар өсөх хүлээлт байна. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөхөөс өссөн” гэлээ.
Манай улс ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөр байхгүй. Өнгөрсөн зургадугаар сард “Дим Сам” бондын өр төлсөн. Харин шинээр гадаадын бондуудын зээлийн үйлчилгээний төлбөр төлөхөөр байгаа аж.