АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.
Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг юм.

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Хишигжаргалаас дээрх ангиллын визээр Монгол Улсаас ажиллах хүч гаргаж байгаа эсэхийг тодрууллаа.
-АНУ ажиллах хүчний виз олгох орнууддаа Монгол Улсыг нэмж оруулан Н2 визний асуудлыг Монголтой тохиролцсон. Энэ асуудал өнөөдөр ямар шатандаа явна?
-2018 онд АНУ Н-2 А, Н-2В ангиллын визийг Монгол Улсад зөвшөөрсөн. Энэ нь түр зуурын ажлын байранд гадаадын иргэдийг ажиллуулах визний ангилал юм билээ.Манай гадаадад ажиллах хүч гаргах болон гадаадаас ажиллах хүч авах тухай хуулиар гадаадад ажиллах хүч илгээхэд заавал тусгай зөвшөөрөлтэй байгууллага гаргах болдог. Бид хуулийн дагуу гадаадад ажиллах хүч гаргах байгууллагын тусгай зөвшөөрлийг тухайн хүлээж авах байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр олгодог журамтай. Одоогоор АНУ-ын ямар нэгэн байгууллагатай гэрээ хийсэн Монгол аж ахуйн нэгж гараагүй байна. Энэ чиглэлээр яриа, хэлэлцээр хийгээд явж байгаа аж ахуйн нэгжүүд бол бий. Гэрээгээ хийгээд ирэх юм бол бид тусгай зөвшөөрөл олгоно.
-Визний мэдүүлгийг заавал тусгай зөвшөөрөлтөй байгууллагаар дамжуулах өгөх ёстой юу?
-Н-2А, Н-2В ангиллын визийг заавал тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулахгүй хувь хүн өөрөө анкет бөглөөд, гадаадаас ажиллах хүч авах сонирхолтой компаниудад хандаж, АНУ-ын ЭСЯ-наас шууд визээ аваад явах боломжтой.
Энэхүү ангилалд Монгол Улс өмнө нь хамрагдсан байсан ч хасагдсан. Виз авсан иргэдийн 5 хувь нь л зөрчил гаргахад эрх хасагддаг юм билээ.
-Цахим сүлжээнд АНУ-ын Н-2А, Н-2В ангиллын визний бүртгэл хийнэ гэсэн зар гарах боллоо?
-Ер нь АНУ-ын гадаадаас ажиллах хүч авах байгууллага руу хувь хүмүүс өөрсдөө бүртгүүлэх боломжтой юм билээ. Тийм болохоор үүнийг судалж үзэх хэрэгтэй. Түүнээс биш цахимаар бүртгэл явуулж байгаа хуудаснуудыг худал, үнэн гэж хэлэх боломжгүй. Шаардлагатай бол бид АНУ-ын ЭСЯ болон АНУ-д суугаа Монголын элчингээр дамжуулан эдгээрийг баталгаажуулах боломжтой. Иргэд ГХЯ болон манай ХНХЯ-ны сайтаас АНУ-ын Н-2А, Н-2В ангиллын визний талаарх тодорхой мэдээллийг авч болно.
-Ногоон карт бөглөсөн хүмүүс Н2 А, Н2 В ангиллын виз мэдүүлэн АНУ-д оршин суух магадлалтай гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Миний мэдэж байгаагаар ногоон карт бол өөр асуудал. Н2 А, Н2 В ангиллын виз бол түр зуурын ажлын байран дээр ажиллах хүч авдаг л визний төрөл.
-Одоогоор Н-2А, Н-2 В ангиллын виз гарсан иргэн байгаа юу?
-Энэ ангиллын виз гарсан тохиолдлыг бид бүртгээгүй байна.

Эргэн сануулахад, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг ажээ.