-Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн 70 хувь нь дотоодынх-

“Оюу толгой” компани анх удаа “Ханган нийлүүлэгчид 2018” үзэсгэлэнг хоёр  өдрийн турш Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгууллаа. Тус компанид 2017 онд 1147 компани ханган нийлүүлэлт хийсний 70 хувь нь дотоодын аж ахуйн нэгж байна. Тухайлбал, энэ оны эхний байдлаар зөвхөн Өмнөговь аймгаас Оюу толгой компани 62 сая ам.долларын худалдан авалт хийжээ.

Оюу толгой ХХК-ийн стратеги, худалдан авалт хариуцсан менежер Г.Батбаатар "Оюу толгой компанитай 1000 гаруй компаниуд хамтран ажилладаг. Тэдгээрийн  124 нь энэхүү үзэсгэлэнд оролцлоо.Оюу толгой компанийн Монголд үзүүлж байгаа хувь нэмэр мөнгөн дүнгээсээ илүүтэйгээр эдгээр олон аж ахуйн нэгжүүдийн цаана ажиллаж байгаа ажилтнууд, тэдгээрт нийлүүлж байгаа ханган нийлүүлэгчид мөн ханган нийлүүлэгчдийн маань сурч мэдэж байгаа мэдлэг боловсрол, соёлын талаар илүү хүмүүст мэдүүлье гэсэн зорилготой байсан. Мөн Оюу толгой компани "Монгол үйлдвэрлэв" стратегиа анх удаа танилцууллаа. Тэрчлэн 2019 онд зарлагдах Монголд үйлдвэрлэх тендерүүдийнхээ жагсаалтыг албан ёсоор зарласан. Үүний зэрэгцээ Оюу толгой  компани Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн банк, Өмнөговь аймаг болон Говийн Оюу хөгжлийн сантай хамтраад "Бизнесийн инновацийн төв"-ийг албан ёсоор нээлээ. Энэхүү төв Улаанбаатар хотод болон Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулна. Энэ төвд зөвхөн Оюу толгойн ханган нийлүүлэгч гэхээсээ илүүтэй жижиг, дунд үйлдвэрлэгч бүхий л байгууллагууд хандах боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр Оюу толгой компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны дөрвөн банктай хамтарсан ханган нийлүүлэлтийн санхүүжилтийн гэрээг шинэчлэн байгууллаа. Ингэснээр банкны хүү зах зээл дээр байхгүйгээр бууж, шимтгэл ч багассан. Нэмж хэлэхэд "Монголд үйлдвэрлэв" стратегийн хүрээнд өчигдөр нийтдээ 1.2 сая ам.долларын өртөгтэй дөрвөн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг гаднаас импортоор оруулж ирдэг байсан бол одоо Монголд үйлдвэрлэн манайд нийлүүлэх гэж байгааг дуулгахад таатай байна" гэв.

-"Оюу" ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сантай боллоо-

"Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018"-ын үеэр  "Оюу" ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санг танилцуулсан. Оюу толгой компанийн Хамтын ажиллагаа, харилцаа хариуцсан зөвлөх Б.Тогосоо "Бид ханган нийлүүлэлтийнхээ сүлжээнд акилас гэдэг олон улсын сүлжээг хэрэглэдэг байсан. Энэ систем манай ханган нийлүүлэгчдийн хэрэгцээнд төдийлөн нийцдэггүй байв. Тиймээс бид дотооддоо ханган нийлүүлэгчдээ илүү хялбар, өргөн цар хүрээтэй авч болох системийг хөгжүүлье гэж шийдээд "Оюу" мэдээллийн сан өчигдөр албан ёсоор нээж байна. Уг мэдээллийн сан манай компаний албан ёсны цахим хуудас ot.mn дээр тавигдсан байгаа. Өмнө нь зөвхөн бүртгэлээ хийгээд дуусдаг систем байсан бол шинэ систем маань ханган нийлүүлэгчдийн урьдчилсан үнэлгээг хийдэг онцлогтой. Ингэснээр Оюу толгойн суурь шалгууруудыг хангаж байна уу гэдгийг үзэж үнэлгээ гарна. Тухайн компани энэ үнэлгээнд тэнцсэн тохиолдолд тендерт оролцох боломж нээлттэй байх юм"

-Оюу толгой компани Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн , үйлчилгээ худалдан авахыг зорьж байна-

Оюу толгой компанийн худалдан авалтын процесс түүнд тавигдах шаардлагуудын талаар Оюу толгой компанийн гэрээний ахлах ажилтан Б.Ууганбаяртай ярилцлаа. Тэрээр "Бид Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн , үйлчилгээ худалдан авахыг зорьж байна. Худалдан авалтын процессоо бид аль болох РиоТионто компанийн жишгээр нээлттэй, ил тод, аюулгүй ажиллагаа, ёс зүй, нийцтэй байдал, үр ашиг, цаг хугацаандаа ирэх гэсэн ерөнхий таван шаардлагын дагуу хийж байгаа. Монгол Улсад бүх зүйлийг бид хийж чадахгүй. Гэхдээ боломжит авч болох бараа бүтээгдэхүүн үйлчилгээг Монголоос худалдаж авахыг эрмэлзэж байна. Жишээлбэл ажлын бээлий, хувцсыг Монголдоо үйлдвэрлэж байна. Ирээдүйд бид төмөр эдлэл зэрэг уурхайд байнга хэрэглэгдэх зүйлсээ аль болох Монголоос авахыг зорьж байна. 2018 оны байдлаар Оюу толгой компанийн худалдан авсан нийт бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний дүнг харахад 76 хувь нь дотоодын ханган нийлүүлэгч рүү чиглэсэн байгаа. Манай тендерт анх удаа болон дахин оролцож байгаа компаниудын хооронд тавигдаж байгаа шаардлага, нөхцөл ижилхэн. Ганцхан ялгаа нь манай компанийн тавьдаг шаардлага, процессыг шинэ компаниуд сайн мэддэггүй болохоор бид энэ удаагийн экспо дээрээ тэдэнд зориулсан сургалтууд зохион байгууллаа"

-Гурвуулаа үйл ажиллагаа эхлүүлж байсан ханган нийлүүлэгч өнөөдөр 50-аад ажилтантай болж өргөжжээ-

31-н жил бага ангийн багшаар ажиллаж байгаад Ханбогд сумынхаа сургуулиас тэтгэвэртээ гарсан Ш.Туяа гэр бүлийн хүнтэйгээ хамтарч компани байгуулан, Оюу толгойн ханган нийлүүлэгчээр 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.

“Өлзийт мөнх” ХХК-ийн захирал Ш.Туяа "2010 оноос Оюу толгой компанийн хөдөлмөр хамгааллын хувцсыг оёж эхэлсэн. Бид анх гурван хүнтэй, гурван гар оёдлын машинтайгаар үйл ажиллагаагаа  эхэлж байсан бол өнөөдөр 50-аад ажилтантай, тоног төхөөрөмж, ажлын байраа ч өргөжүүлээд байна.  Өнгөрсөн хугацаанд бид Оюу толгой компанийн уул уурхайн ажилчдын өмсдөг аюулгүй ажиллагааны хувцсыг бараг л бүгдийг хийж байсан. Одоогийн байдлаар ажилчдын өвлийн өмд, зуны өмд, хүрэм оёж байна. Бид жилдээ 40-өөд мянган хувцас оёж, Оюу толгойд нийлүүлдэг" гэв.

Яг түүн шиг олон зуун ханган нийлүүлэгч Оюу толгой компанитай хамтран ажилладагийн нэг нь "Ораметалл" компани. Оюу толгойд ханган нийлүүлэгч болсоноос хойш үйлдвэрийн хүчин чадал, ажилчдын тоо, татварт төлөлт нь бүгд нэмэгджээ.

“Ораметалл” ХХК-ийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ  "Манай компани эрдсийн хүдэр нунтаглах тээрмийн  ган бөмбөлөг гэдэг бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэдэг. Тээрмийн ган бөмбөлгийг Оюу толгой компани импортоор авдаг байсан. Бөмбөлөгт тавигдах техникийн шаардлага маш өндөр. Монгол инженерүүд бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэн Оюу толгойн ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаадаа бид бахархаж байна. Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад манай үйлдвэрийн хүчин чадал болон ажилчдын тоо нэмэгдсэн. Мөн улсын болон орон нутгийн татварт төлөх татварын хэмжээ ч нэмэгдсэн. Үүнээс гадна бид компанийн сайн засаглал, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах гээд маш олон  зүйлийг сурч чадсан " хэмээн ажлын амжилтуудаасаа хуваалцлаа.

-Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018 дараагийн том ажлын эхлэл болно гэж найдаж байна-

"Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018"-ын зохион байгуулалт, ач холбогдлын тухай Оюу толгой ХХК-ийн шинжээч Ц.Нармандах  "Бид 2017 оны байдлаар 1146 компанитай хамтарч ажилласан. Энэ удаагийн үйл ажиллагаандаа бүгдийг нь оролцуулахыг хүссэн ч зай, талбай, цаг агаарын нөхцөл зэргийг тооцон үзээд хамгийн том танхимтай Буянт-Ухаа спорт ордонг сонгосон. Тиймээс төлөөлөл болсон 124 ханган нийлүүлэгч үзэсгэлэнд оролцлоо. Энд ханган нийлүүлэгчдээс гадна, хамтарч ажилладаг төрийн болон  хувийн байгууллага, арилжааны банкууд гээд нийтдээ 144 үзэсгэлэнгийн танхимыг гарган ажиллалаа. Бидний зүгээс харж байгаа хамгийн том ач холбогдол бол ханган нийлүүлэгчид маань Оюу толгой компанитай хамтарч ажилласнаас хойш хэр их туршлага суун, өсөн дэвжсэн байна, аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүйн хувьд хэр амжилтад хүрсэн байна гэдгээ харуулж байна. Мөн өөр хоорондоо хамтын ажиллагаа эхлүүлэх, гадны бусад зочид, төлөөлөгч, компаниудтай өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдээр хамтарч  ажиллах том боломжийг олгож байгаа гэдгээрээ онцлог. Үзэсгэлэнг эхний өдөр 1200 гаруй хүн үзэж сонирхсон бол хоёр дахь өдөр 2000 орчим хүн үзнэ гэсэн хүлээлттэй байна. Ханган нийлүүлэгчид маань өөрсдөө санаачилга, хүсэл, зорилгоороо нэгдэн дараагийн том төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг эхлүүлээд явахад Оюутолгой компанийн зүгээс дэмжиж ажиллана. Энэхүү үзэсгэлэн маань дараа дараагийн том ажлын эхлэл болж байгаа гэж найдаж байна" гэв.

Оюу толгойтой хамтран ажиллах сонирхолтой компани хувь хүн от.mn сайтад бүртгүүлж, хамтран ажиллах боломжтой. Тэдний хувьд аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоон, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилттой ажиллаж байна.