Монголын кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг, "Академи авардс-2018" кино наадам есдүгээр сарын 28-нд буюу өчигдөр "Зайсан Хилл" цогцолборт 7 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

2017 онд тус наадамд өнжсөн билээ. Тиймээс энэ удаагийн кино наадамд өнгөрсөн хоёр жилд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон 12 уран сайхны кино, 12 богино хэмжээний кино, 3 баримтат кино, 6 телевизийн олон ангит кино нийт шилдэг 18 номинацийн төлөө өрсөлдлөө.

Кино наадмыг зохион байгуулснаар үндэсний кино урлагийн хөгжлийг дэмжиж, орчин үеийн техник технологийг сурталчлан таниулах, кино уран бүтээлчдийг урамшуулах, алдаршуулах зэрэг ач холбогдолтой билээ.

Энэ жил 10 дахь жилийн ойн нь тохиож байгаа "Академи авардс" наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд найруулагч Даваасүрэн, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Догмид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Т.Гоош, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач Н.Зундуй, кино зураглаач Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, найруулагч Б.Мөнхдорж, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найрагч бичгийн сод туурвигч Д.Урианхай нар ажиллажээ.

Сонирхуулахад, энэ удаагийн Академи авардс-2018" кино наадамд "Зүрхний хилэн", "Байтаг Богд", "Чингисийн хүүхдүүд", "Хоёр амь" , "Харанхуй хад", "Сэтгэл мэднэ", "Сайн аав", "Илд цэцэг", "Говийн домог", "Эрт нахиалсан сарнай", "Хазаар цэцэгсийн дуулал", "Аз жаргал", "Өвлийн тууж", "Хүсээгүй үнсэлт" зэрэг олон уран бүтээл нэр дэвжин өрсөлдлөө.

"Академи авардс-2018" наадмын шилдгүүдийг танилцуулья:

"Шилдэг богино хэмжээний кино"

"Эцэг" киноны найруулагч Ч.Батбаяр

"Шилдэг баримтат кино"

"Medicine budda" Бенжамин Дэвид Жонс

Бенжамин Дэвид Жонс: Монгол маш гайхамшигтай улс. Энэ киног хийх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Дэлхийн олон орноор би явж кино хийдэг. Гэхдээ Монгол Улс миний хувьд онцгой дурсамж болон үлдэх болно. Бид хамба лам Д.Нацагдоржийн ажил амьдралыг бүтээлдээ буулгасандаа маш баяртай байна.

Хамба лам Д.Нацагдорж: Би урлагт хайртай хүн. Энэ кинонд орж үзсэнээр Монголын кино урлагт хүмүүс агуу их хөдөлмөр гаргаж, цаг наргүй ажилладаг юм байна. Гэвч тэр үр шимийг хүлээж авахдаа сэтгэл дундуур байдаг юм байна. Энэ агуу их хөдөлмөрийг чин сэтгэлээсээ хүндэлж улам их хайрлаж, кино уран бүтээлчдийг хүндэлж байна.

"Шилдэг дууны найруулагч"

О.Цэгмид /Байтаг Богд/

"Шилдэг дүрсний эффект"

Каталист кино А.Шижир, Г.Нямбаяр /Зүрхний хилэн/

"Шилдэг нүүр хувиргагч"

Ц.Лхагвацэцэг  /Байтаг Богд/

"Шилдэг эрэгтэй туслах дүр"

Б.Тамир /Байтаг Богд/

Б.Тамир:Ерөнхий найруулагч аавдаа баярлалаа. Энэ дүр дээр ажиллахад туслалцаа үзүүлсэн "Фантастик"-ийнхаа найзууддаа баярлалаа. Хэрвээ ийм сайхан түүх байгаагүй бол бид энэ киног хийхгүй байсан.

"Шилдэг могтаж"

С.Энхмөрөн /Харанхуй хад/

"Шилдэг зураач"

Т.Нямсүрэн /Говийн домог/

"Шилдэг зохиол"

М.Эрдэнэбат /Сэтгэл мэднэ/ Тэрээр ажилтай хүрэлцэн ирж амжаагүй тул түүний шагналыг кино багийн хамт олны төлөөлөл нв гардан авсан.

"Шилдэг зураглаач"

Г.Гүенбаатар /Байтаг Богд/

"Шилдэг хөрөнгө оруулагч"

"Улаанбаатар Телевиз" ХХК  /Говийн домог/

"Шилдэг олон ангит кино"

"Эрт нахиалсан сарнай" Б.Гантулга

"МҮОНТ өчигдөрхөн 51 нас хүрлээ. Хоёр жил бичсэн зохиолоор хийсэн энэ бүтээл маань. МҮОНТ-ийн түүхэн дэх13 дахь олон ангит кино болсон юм. Зураач, хөгжмийн зохиолч, бүх уран бүтээлчдэд баярлалаа." гэлээ.

"Шилдэг хөгжим"

Л.Балхжав /Говийн домог/

Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав "UBS" телевизийн ээлжит шинэ төслийн ажлаар Сэлэнгэ аймагт натурт байгаа тул түүний хамт олны төлөөлөл шагналыг нь гардан авлаа.

"Шилдэг дуу"

Б.Энхсайхан /Байтаг Богд/

"Шилдэг эмэгтэй туслах дүр"

Ц.Алдармаа /Байтаг Богд/ шалгарсан ч жүжигчин Ц.Алдармаа хөдөө орон нутагт тоглолтоор яваа тул түүний шагналыг жүжигчин, найруулагч Б.Тамир гардан авлаа.

"Шилдэг эмэгтэй гол дүр"

Ц.Мичидмаа /Аз жаргал/

"Шилдэг эрэгтэй гол дүр"

С.Болд-Эрдэнэ /Хоёр амь/

Жүжигчин С.Болд-Эрдэнэ: Энэ кинонд хамтарч ажилласан "Монгол Контент" ХХК болон "Хамба фильм"-ийн хамт олондоо баярлалаа. Монгол соёл,  монгол урлаг дэлхийд улам танигдах болтугай. та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.

"Шилдэг найруулагч"

О.Бат-Өлзий Б.Тамир /Байтаг Богд/

Найруулагч О.Бат-Өлзий: Өглөө босохдоо би өрөөсөн оймсоо эрээд олоогүй. Дараахан нь нутгаас намрын шинэхэн айраг ирсэн. Энд ирээд пальтогоо өлгүүлсэн чинь 034 гэсэн дугаар ирсэн. Энэ дугаар миний хилийн цэрэгт алба хааж байх үеийн цэргийн дугаар юм. Би их гайхлаа. Азтай өдөр юм байна. Энэ киног би хүүтэйгээ хамт найруулсан. Өтөлж яваа би,  өсөж яваа хүү минь. Хамгийн их сэтгэл гаргаж гүн туслалцаа үзүүлсэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, Хошууч генерал Ц.Сэргэлэн, Хилийн цэргийн хамт олон, Үенч сумын ард иргэддээ баярлалаа. Үенч сумын портерын жолоочид зүрх сэтгэлээсээ тусалсанд баярлалаа. Манай кино группын 150-иад залуучууд та бүгдэд бүгдэд нь баярлалаа. Би нөхдөдөө юм хэлдэггүй толгойг нь илээд байдаг юм. Манай хүү л их ширүүн хандаж байгаа харагддаг. Хүүгийн маань найзууд ажил амьдралаа ялгадаг их мундаг хамт олон байгаа юм. Та бүхэндээ баярлалаа.

"Шилдэг кино"

"Байтаг Богд" кино шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Тус киноны найруулагч Б.Тамир: Найзууддаа би зураг эхлэхийн өмнө дандаа "Би гэж байхгүй. Бид гэж байдаг" гэж дандаа хэлдэг. "Фантастик"-ийнхаа жүжигчид, найзууддаа баярлалаа. Яагаад гэвэл миний нүдэн дээр та нар маань их өөрчлөгдөж байгаа шүү хэмээн тайзнаа баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

"Фантастик" продакшны хамт олон "Байтаг Богд"  киногоороо дараах шагналуудыг хүртлээ. Үүнд

·         Шилдэг КИНО

·         Шилдэг НАЙРУУЛГА

·         Шилдэг ЗУРАГЛААЧ

·         Шилдэг ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

·         Шилдэг ДУУ

·         Шилдэг ДУУНЫ НАЙРУУЛГА

·         Шилдэг НҮҮР БУДАГ

·         Шилдэг ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР