Интернет болон цахим технологийн эрин үед хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж, тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдэж байна.
Гэвч нөгөө талаас хүүхдүүд цахим орчинд хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэл өндөр байгаа юм. Интернет болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал гарч байна.
Энэ нь дэлхийн олон улс үндэстний Засгийн газар, мэдээлэл, технологийн салбар, иргэний нийгэм, олон нийтийн хувьд томоохон тулгамдсан асуудал болоод байгаа. Монгол Улсад ч энэ асуудал сүүлийн үед хурцаар тавигдажх болсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж мэдээлэл, харилцаа, технологи болон хууль сахиулах, хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонслоо.
Хэлэлцүүлгийн зорилго нь тухайн асуудлаарх салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хөндөж байлаа. Ялангуяа үүрэн телефоны операторууд, интернетийн үйлчилгээ эрхлэгчид, контент үйлдвэрлэгчид болон түгээгчид зэрэг мэдээлэл харилцаа, технологийн салбарынхан чухал үүрэгтэйг онцолж байна.

Монгол Улсын Засгийн газар “БидХамгаална” олон улсын эвсэлд нэгдсэнээр, цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний загварын дагуу үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа.Гэсэн хэдий ч, уг асуудал ярвигтай, өргөн цар хүрээг хамардаг учраас цахим орчинд хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс үр дүнтэй хамгаалахын тулд төрийн байгууллага болон дээр дурдсан бүх байгууллага хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн улмаас хохирч байгаа хүүхдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеэс 40 хувиар өссөн таагүй мэдээ байна. Нэгэнтээ цахим орчин гэдэг орчин цагийн хүүхдүүдийн хөгжиж боловсрох боломжит талбар учраас хэрэглээний зөв зохистой байдлыг хангах чиглэлд хүүхдийн төлөөх байгууллагууд хамтран ажиллаж эхлээд байгааг ч дуулгалаа.
-Хүүхдийн 108 утсанд он гарсаар 129 дуудлага хүлээн авсны дийлэнх нь цахим орчин дахь зүй бус мэдээлэлтэй холбоотой гомдол эзэлжээ-
14 настай А охины фейсбүүк чатаар биеийнхээ аль нэг хэсгийг гаргасан зургаа явуулбал 20 мянган төгрөг өгнө гэж үл таних хаягнаас санал болгожээ. Охин зургаа явуулан мөнгө авсан, үл таних нөгөө хаяг үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд орохыг шаардаж, үгүй бол зургийг чинь дэлгэнэ гэж сүрдүүлсэн талаар охин хүүхдийн 108 утсанд мэдээлжээ.

Хүүхдийн 108 утсанд ирсэн дуудлага жилээс жилд өсч байна. Он гарсаар 129 дуудлага хүлээн авсны дийлэнх нь цахим орчин дахь зүй бус мэдээлэлтэй холбоотой эцэг, эхчүүдийн гомдол эзэлж байна. Тухайлбал, жүжигчин Сөрөлт фейсбүүкт нийтэлсэн бичлэгтээ "бавах" гэж хэлснийг үзсэн хүүхэд эгчээсээ утгыг нь асуусан нь сүүлийн үеийн анхаарууштай жишээ болжээ.

-10 хүүхдийн 8 нь цахим орчноос зүй бус мэдээлэл авдаг-

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун "Аймаг тус бүрээс нэг , дүүргүүдээс хоёр сургуулийг сонгон нийт 2240 хүүхэд “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаанд хамрагдсан. Мөн энэ судалгаанд 378 эцэг эх, 304 багш хамрагдсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 85 хувь нь цахим орчинд бие даан болон найз, нөхдөөрөө дамжуулан суралцаж байгаа гэж хариулсан. Түүнчлэн хүүхдүүдээс та нар цахим орчинд гэмт хэрэг, эрсдэлд орж байна уу гэж асуухад 93 хувь нь тийм гэж хариулж байна. Энэ нь тэднээс шалтгаалахгүйгээр шууд харилцаа, үйлдэл, агуулгын эрсдэлд байнга орж байгаа гэдгийг харуулж байгаа.

Томчууд бид өөрсдөө цахим орчны зохистой хэрэглээг хэвшүүлмээр байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр төрийн байгууллагууд ажиллаж байна. гэхдээ хувь хүний ухамсар үүнд маш чухал. Өөрийн цахим сүлжээ, сайтаар хүнийг зориудаар гутаан доромжлох мэдээлэл оруулж байгаа хэлбэр нь олон янзын агуулгатай байж болох ч бидний ирээдүй болсон хүүхдүүдийг байнга муу зүйлд уруу татаж байна. Тиймээс томчууд бид нэг удаа ч гэсэн сошиал орчинд оруулах гэж байгаа мэдээллээ анхаарч хүүхдийн төлөө зөв зүйл хийж байна уу эсвэл хүүхдээ хорлох зүйл хийж байна уу гэдгийг ойлгох цаг нь болсон.

13-аас дээш насныхан сошиал орчинд фейсбүүк, инстаграм нээх эрхтой. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 настай хүүхдүүдийн 76 хувь нь фейсбүүкийн хаягтай байгаа юм. Тиймээс эцэг эхийн хяналт маш чухал. Харилцаа холбооны зохицуулах хороон дээр эцэг эхийн хяналттай холбоотой аппликейшн хийгдэж байгаа.
Кабелийн телевизүүд +18 контентыг хязгаарлахыг ажил хэрэг болгох хэрэгтэй. Би гэртээ интернеттэй, кино багцуудаас эротик киног шууд үзэх боломжтой. Нийгмийн хариуцлага, хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчмын хүрээнд үүрэн телефоны газрууд үүнийг хязгаарладаг, блоколдог, зөвхөн эцэг эхчүүд хүлээж авдаг эрх өгдөг байх гэх мэтчилэн эцэг эх рүү чиглэсэн бүтээгдэхүүнийг санал болгох хэрэгтэй.

Олон улсын түвшинтэй харьцуулахад манай судалгаа бүх үзүүлэлтээрээ өндөр гарч байгаа. Хүүхдүүд цахим орчинд хэнээс туслалцаа авч зорчиж байна гэдэг дээр хамгийн өндөр буюу Гондурас улсын хүүхдүүдийн 62 хувь нь өөрсдөө интернэт, цахим хэрэглээнд суралцаж байна гэж гарсан. Тэгвэл манай судалгаанд орсон хүүхдүүдийн 85 хувь нь өөрсдөө болон найз, нөхдөөсөө суралцаж байна гэж хариулсан. Бид дэлхийн даяарчлалтай хөл нийлүүлэн техник, соёлыг эзэмшиж байгаа ч нөгөө талдаа сөрөг үр нөлөө байна гэдгийг энэ судалгаа харуулж байгаа.


Зайлшгүй бид гар утасны дугаарын бүртгэлийг сайжруулахгүй бол хүүхдүүд харилцаа, агуулга, үйлдлийн эрсдэлд орж байна гэдэг нь энэ судалгаанаас харагдаж байгаа. Дугаарын бүртгэлийг сайжруулснаар бид фейсбүүкийг и-мэйл хаягаар нээдэггүй зөвхөн гар утасны хаягаар нээдэг болгох боломжтой. Хүнийг гутаан доромжлон гүтгэх, хүүхдийг садар самуунд уруу татах энэ олон үйлдлүүд тодорхой хэмжээнд хязгаарлагдана гэж харж байгаа. Баяр бүрээр тараадаг үүрэн телефоны бэлэглэлийн дугаарын ард массаж нэрээр биеэ үнэлэх зэрэг олон гэмт хэрэгтэй холбогддог. Гар утасны бүртгэлийн ард маш олон асуудал цэгцэндээ орно гэж бид харж байгаа" гэв.

Олон улсад бол хүүхдийн нэр дээр авсан гар утасны дугаарт цахим сүлжээний элдэв зүй бус контентуудад хаалт хийх буюу блоклох систем ажилладаг байх юм.
-Цахим сүлжээний хор нөлөөг арилгахын тулд зөв зохистой аюулгүй хэрэглээ гэдгийг бий болгох ёстой-

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан "Хүүхэд таван төрөлд хамгаалагдах эрхтэй байдаг. Гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн арга хэмжээ, цахим орчинд дахь хамгаалал гэж Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан. Хүүхэд хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Бид энэ ажлын хүрээнд сошиал болон телевизээр "UNFREIND" аяныг өрнүүлж байна. Одоо ерөнхий боловсролын сургуулиудын нийт сурагчдын 94 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа. Ухаалаг гар утас цахим сүлжээг хэрэглэх мэдлэг боловсролыг тэд хаанаас авсан бэ гэхээр найз, нөхдөөсөө сурсан байдаг. Тиймээс аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал. Black list буюу хар жагсаалт гэсэн пэйж хуудсанд нэгтгээд репорт хийн хүүхэд садар самуунд уруу татаж байгаа, энэ чиглэлийн ямар нэгэн мэдээ мэдээлэл явуулдаг пост хийдэг асуудлыг таслан зогсоох үүднээс фейсбүүк пэйж хуудаснуудыг хаах, мэдээллийг илрүүлэх ажлыг хийж байгаа. Бага насны хүүхэд цахим орчинд хохирогч болсон ч гэмт хэрэгтний дарамт шахалтад байдаг учраас үйлдсэн этгээд ямар нэгэн байдлаар ял завшаад үлдэх асуудлууд гардаг. Хүүхдийг цахим орчинд аюулгүй байдлыг нь хангах хамгийн гол хүмүүс бол эцэг, эхчүүд байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар 200 гаруй хүүхэд цахим сүлжээ, цахим тоглоомонд донтон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Цахим сүлжээний хор нөлөөг арилгахын тулд зөв зохистой аюулгүй хэрэглээ гэдгийг бий болгох ёстой " гэлээ.