
Израилийн армийн Газын зурваст үйлдсэн халдлагын улмаас дөрвөн настай хүү зэрэг найман палестин хүн амиа алдсан талаар эмнэлгийн эх сурвалжууд Al Jazeera агентлагт мэдээлжээ.
Ням гарагт Газын өмнөд хэсгийн Хан Юнис хотын баруун талд орших аль-Маваси бүсэд Израилийн дроны халдлага болж, Палестины цагдаагийн таван алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна.
Палестины Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын яамны мэдээлснээр, Израилийн арми цагдаагийн алба хаагчдыг “үүргээ гүйцэтгэж байх үед” нь онилжээ. Тус яам уг халдлагыг “аймшигт хядлага” хэмээн буруушааж, цагдаагийн алба хаагчдын амийг хөнөөхөө зогсоохын тулд Израилд шахалт үзүүлж, “яаралтай арга хэмжээ авах”-ыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сард ХАМАС бүлэглэлтэй байгуулсан “гал зогсоох” хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Израилийн халдлагын улмаас цагдаа, аюулгүй байдлын байгууллагын дор хаяж 75 алба хаагч амь үрэгдсэн гэж мэдэгдэв.
Харин Израилийн арми Газын өмнөд хэсэгт үйлдсэн уг халдлагаар “террорист этгээд”-ийг онилсон гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Газын хойд хэсэгт орших Газа хотын Рималь дүүрэгт дроны халдлага болж, дөрвөн настай хүү зэрэг дор хаяж гурван палестин хүн амиа алдсан талаар аль-Шифа эмнэлгийн эх сурвалжууд мэдээлсэн байна. Мөн Таж худалдааны төвийг онилжээ.
Түүнчлэн өмнөх халдлагын улмаас шархадсан нэг хүн ням гарагт нас барсан байна.
ХАМАС бүлэглэл ням гарагт Израилийн сүүлийн халдлагуудыг “санаатайгаар үйлдсэн дайны гэмт хэрэг” хэмээн буруушаажээ.
Тус бүлэглэл мэдэгдэлдээ цагдаагийн алба хаагчдын бүлэг рүү чиглэсэн “аймшигт хядлага”, мөн энгийн иргэдийг хөнөөж, шархдуулсан Газа хотын бөмбөгдөлтийг эрс буруушаасан байна.
Цагдаагийн алба хаагчдыг үүргээ гүйцэтгэж байх үед нь зориудаар, удаа дараа онилж байгаа нь “Газын зурвасыг сэргээн босгох хүчин чармайлтад саад учруулах, тогтвортой байдлыг алдагдуулах, эмх замбараагүй байдал бий болгох” гэсэн Израилийн оролдлогын нэг хэсэг гэж мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын зуучлалаар “гал зогсоох” хэлэлцээр хүчин төгөлдөр болсон хэдий ч Израилийн арми Газын зурваст халдлагаа үргэлжлүүлж, түүнээс хойш 1500 гаруй хүний амийг хөнөөжээ.
2023 оны аравдугаар сард ХАМАС тэргүүтэй бүлэглэлүүд Израилийн өмнөд хэсэгт халдлага үйлдсэний хариуд Израил геноцидын дайн эхлүүлснээс хойш Газын зурваст 74 594 палестин хүн амиа алдсан гэж Газын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.