
Дэлхийн 20 гаруй орны парламентын 88 эмэгтэй гишүүн “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улаанбаатар хотноо чуулж байна.
Төлөөлөгчид парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэж, санаа бодол, туршлага, мэдлэгээ хуваалцан, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх юм.
Эмэгтэйчүүд парламентад хэдэн суудал эзэлж байгаагаас илүүтэйгээр иргэдийн амьдралд нөлөөлөх ямар бодлого санаачилж, ямар өөрчлөлт авчирч байгаа нь чухал. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд хамгаалал зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой асуудлууд шийдвэр гаргах түвшинд илүү хүчтэй яригдах боломж бүрддэг билээ.
Монгол Улсын 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Улсын Их Хурлын 76 гишүүний гурав нь эмэгтэй байсан бол 2024 оны сонгуулиар парламентын 126 гишүүн дотор 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүдийн 25.4 хувийг эзлэх болсон нь манай улсын түүхэн дээд үзүүлэлт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.