
Кубын удирдагч асан Рауль Кастрогийн ач хүү Рауль Гильермо Родригес Кастро АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр өнгөрсөн зургадугаар сард Хавана хотноо өгсөн ярилцлагадаа "Би АНУ-ын аль ч түвшний төлөөлөгчтэй хэлэлцээ хийхэд бэлэн. Хэрэв боломж олдвол, мэдээж хэрэг Дональд Трамптай ч уулзана" гэжээ.
Родригес Кастро хэдийгээр улс төр түүний үндсэн чиг үүрэг биш боловч Кубын хувьсгалын үйл хэрэгт оролцох шаардлагатай болсон цагт ийм алхам хийхэд бэлэн гэдгээ онцолсон байна. Түүнчлэн тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд Кубын тал улс төрийн хоригдлуудыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэдгийг нэмж дурджээ.
Өдгөө 42 настай Родригес Кастро нь Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн дүү, 95 настай өвөө Рауль Кастрогийн хамгаалалтын албаны даргаар ажилладаг юм.
Сануулахад, АНУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрөгч тавдугаар сард Рауль Кастро болон бусад таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн буруутгаж байгаагаа зарласан. Тэднийг 1996 онд АНУ дахь Кубын цагаачдын үүсгэн байгуулсан хүмүүнлэгийн байгууллагын хоёр онгоцыг сөнөөж, АНУ-ын иргэдийн амь насыг бүрэлгэсэн, мөн үгсэн хуйвалдсан хэрэгт буруутгаж байгаа аж.