
Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш хэт холын олон өдрийн гүйлтийг өнөөдөр/2026.02.05/ Сүхбаатарын талбайгаас эхлүүллээ. “Ice Marathon-2026” ганцаарчилсан гүйлт Улаанбаатар -Бээжин-Тяньжин хүртэл нийт 1600 км-т зайд үргэлжилнэ. Энэ гүйлтээр дамжуулж залууст урам зориг өгч мөн өвлийн гүйлтийн ач тусыг олон нийтэд харуулах зорилготой гэдгээ хэллээ.
Б.Цэвээндаш "Биеийн тамир, спортыг сонгосон хүний тэсвэр тэвчээр бол маш агуу байдаг. Спортоор хичээллэсэн хүн олон давуу талыг олж чаддаг. Цахим хөгжил гэж яриад байна. Гэтэл залуус маш их хөдөлгөөний дутагдалд орж, цахим хэрэглээнээс бол сэтгэцийн өөрчлөлттэй болж байна. Энэ ганц манай улсад тохиож байгаа асуудал биш. Дэлхий нийтээрээ өөрчлөлтөд орж байна. Би өмнө нь Хэнтий аймгийн Дадал сумын 100 жилийн ойд гүйж очиж байсан. Тухайн үед машинаар явах боломж байсан ч өөрийн ур чадвараа харуулан гүйж хүндэтгэл үзүүлж байлаа. Би гүйлтийн спортоор дамжуулан өөр нэг зүйлийг онцолж байдаг. Надад ямар нэгэн нэр хүнд хайсан зүйл үгүй. Хүмүүс хүйтнээс их айдаг. Гэтэл өвлийн цагт ч бид гүйж болдгийг харуулах учиртай. Өмнө нь өвлийн тэс хүйтэнд гүйж хөдөлгөөн хүнд ямар чухал вэ гэдгийг харуулахыг зорьж байсан. Өнөөдөр би дахин нэг сорилттой тулгарч шинэ гүйлтийг эхлүүлэх гэж байна. Залуус өнөөдөр сошиалд хэтэрхий их анхаарлаа хандуулж байна. Нийгмийн сөрөг хандлага их болсон энэ үед өвлийн гүйлтээрээ дамжуулж бусдад сайн сайхан зүйлийг өгөхийг хүслээ. Би бэлтгэлээ сайн хийсэн байгаа. Мөн энэ удаа Хятадын нутгаар явах учир маш сайн төлөвлөгөө гаргасан. Анх замдаа майханд хоноглоод явахыг төлөвлөж байсан ч машинтай явахаар боллоо. Надтай хамт хоёр хүн хамт явна. Гүйлтийн үеэр аюулгүй байдлаа сайн хангаж байгаа. Би Монгол болон БНХАУ-ын хэт холын марафон гүйлтийн холбоотой холбоо байж заавар зөвлөгөө авсан байгаа. Байнгын холбоотой явах болно” гэлээ.
Б.Цэвээндаш 2024 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгэ, Алтанбулаг гээд нийт 355 км зам туулж байсан туршлагатай. Энэ удаагийн гүйлт өдөр бүр бүтэн марафон буюу 42 км зам туулахаар тооцоолж замаа 45 хоногт дуусгахаар тооцоолжээ. Дэлхийд хамгийн хол зам туулсан рекордыг Канадын гүйгч 1400 км зам туулснаар эзэмшдэг аж. Энэ амжилтыг шинэчлэх зорилгоор Б.Цэвээндаш 1,600 км болгон ахиулж, замын төлөвлөгөөгөө гаргажээ. “Ice Marathon-2026” хэт холын олон өдрийн ганцаарчилсан Улаанбаатар -Бээжин-Тяньжин хүртэлх гүйлт өнөөдөр Сүхбаатарын талбайгаас эхэллээ.
Б.Цэвээндаш нь дэлхийн дээвэр болох Эверест оргилд өмнөд, хойд замаар авирсан цөөхөн монгол уулчдын нэг юм. Тэрбээр 2012 онд Балбын талаас авирч байсан бол дөрвөн жилийн дараа Хятадын талаас оргилд гарсан түүхтэй.

