
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдлын 102 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Улс тунхагласны баярыг 1990-2012 онуудад тэмдэглэж байгаад 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ тус хуульд өөрчлөлт оруулж, Улс тунхагласны баярыг тэмдэглэлт өдөр болгосноор бүх нийтээр амрахаа больсон юм. Улмаар 2012-2015 онд монголчууд энэ өдөр дөрвөн жил дараалан амраагүй.
Тэгвэл 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон сэргээжээ. Ийнхүү Улс тунхагласны баяраар бүх нийтээр амрах зохицуулалтыг сэргээснээс хойш 10 жил өнгөрч байна.
Сонирхуулахад, 2016 онд арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бямба гарагт тохиосон тул Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 150 дугаар тогтоол гаргаж, амралтын өдрийг арваннэгдүгээр сарын 25-ны баасан гарагт шилжүүлж байжээ.