
Германы Франкфуртын нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор тус улсад зөөвөрлөгдөн ирсэн шумуулаар дамжин халдварласан гэж үзэж буй хумхаа өвчний улмаас нас баржээ.
Нисэх буудлыг ажиллуулдаг Fraport компанийн CNN-д мэдээлснээр, нийт зургаан ажилтан “нисэх буудлын хумхаа” гэж нэрлэгддэг ховор тохиолдлын халдвар авчээ. Тэдний хоёр нь нас барсан байна.
Германы Der Spiegel сэтгүүлийн мэдээлснээр, халдвар авсан бусад дөрвөн ажилтан эдгэрчээ.
Нисэх буудлын хумхаа нь уг өвчин дамжих маш ховор хэлбэр бөгөөд хумхаа өвчин түгээмэл тархсан улсаас нисэж ирсэн онгоцонд шумуул амьд үлдэн, нисэх буудал эсвэл түүний ойр орчимд хүнийг хазсанаар халдвар дамжих тохиолдлыг хэлдэг.
Германы үндэсний нийгмийн эрүүл мэндийн байгууллага болох Роберт Кохын хүрээлэн (RKI) долдугаар сарын дундуур Франкфуртын нисэх буудлын ажилтнуудын дунд хумхаа өвчний тохиолдлууд гарсан талаар мэдээлжээ. Тодруулбал, долдугаар сарын 4-6-ны хооронд хэд хэдэн ажилтан өвчилсөн байна.
RKI-ийн мэдээлснээр, халдварыг онгоцоор Германд ирсэн Anopheles төрлийн шумуул тараасан гэж үзэж байна.
Франкфуртын эрүүл мэндийн байгууллагууд уг хэргийг шалгаж байна.
Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр, Германы иргэдийн дунд хумхаа өвчин бараг бүх тохиолдолд хумхаа өвчин тархсан бүс нутагт аялж байхдаа халдвартай шумуулд хазуулсан холын зайн аялагчдад бүртгэгддэг гэнэ. Харин нисэх буудлын орчинд халдвар авах нь маш ховор учир эмнэлгийн ажилтнууд эхний үед хумхаа өвчнийг сэжиглэх нь цөөн учраас онош тавигдах хугацаа удаашрах эрсдэлтэй аж.
Роберт Кохын хүрээлэнгийн онцолсноор, хумхаа өвчнийг эрт оношилж, цаг алдалгүй эмчлэх нь өвчин хүндрэх, нас барахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Fraport компани нисэх буудлын ажилтнууддаа эмчид үзүүлэхдээ Франкфуртын нисэх буудалд ажилладаг, тус газарт “нисэх буудлын хумхаа” өвчний тохиолдол бүртгэгдсэн талаар эмчдээ мэдэгдэхийг зөвлөжээ. Энэ нь шаардлагатай эмнэлгийн үзлэг, эмчилгээг цаг алдалгүй авахад тусална гэж компанийн зүгээс мэдэгдсэн байна.
Мөн Франкфуртын нисэх буудалд шумуулын урхи байрлуулжээ. Баригдсан шумуулуудын төрөл зүйл, гарал үүслийг тогтоохын тулд Бельгийн Антверпен хот дахь Халуун орны анагаах ухааны хүрээлэнд генетикийн шинжилгээ хийхээр болжээ.
Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр, Германд нисэх буудлын орчинд хумхаа өвчний халдвар авсан хамгийн сүүлийн тохиолдол 2023 онд мөн Франкфуртын нисэх буудалд бүртгэгдэж байжээ.
Франкфуртын нисэх буудал нь зорчигч урсгалаараа Германы хамгийн ачаалалтай нисэх буудалд тооцогддог. Мөн Германы үндэсний агаарын тээвэрлэгч Lufthansa компанийн гол төв нисэх буудал юм.