Монголын шатарчдын дунд “Дэлхийн цом 2025” тэмцээнд оролцох тамирчдын сүүлийн сонгон шалгаруулалт энэ долоо хоногт боллоо. Эрэгтэй шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин, эмэгтэйчүүдээс ФИДЕ мастер Э.Хүслэн нар дотоодын ганц эрхийг авлаа. 

Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин, С.Чингүүн, М.Амилал, Х.Итгэлт, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар өрсөлдсөн. Эдгээр шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин гурван оноо авч тэргүүлсэн юм.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул болон Т.Мөнхзул, ФИДЕ мастер Э.Хүслэн нар ганц эрхийн төлөө тоглосон. Энэхүү хариуцлагатай тоглолтод Б.Мөнгөнтуул, залуу мастер Э.Хүслэн нарын хожлын оноо 1:1 болж тэнцсэн. Улмаар шийдвэрлэх тоглолтод улсын аварга Э.Хүслэн ялалт байгуулж 2:1 онооны харьцаагаар “Дэлхийн цом” тэмцээнд өрсөлдөхөөр боллоо.

Манай эмэгтэй шатарчдаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний  мөнгөн медальт Б.Мөнгөнзул “Дэлхийн цом” тэмцээнд тоглох эрхийг аваад байсан билээ. Тэгвэл дотоодын нэмэлт нэг эрхийн төлөө гурван шатарчин өрсөлдөж Э.Хүслэн энэ болзлыг хангалаа. 

Мөн эрэгтэй шатарчдаас Ү.Агьбилэг Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс "Дэлхийн цом" тэмцээний эрхийг авсан билээ. Энэ жилийн тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр шатарчин оролцохоор боллоо. 

Эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн ирэх долоодугаар сарын 5-29-нд Гүржийн Батуми хотод болно. Харин эрэгтэйчүүдийн тэмцээн ирэх аравдугаар сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болно.