
Наадмын дараа намар болж иргэд хүүхдийн хичээлийн хэрэгслийг базааж Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн эрчимжиж эхэлжээ. Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасны үнэ судлахаар Улсын их дэлгүүрийн өмнөх талбайн үзэсгэлэн худалдааг зорилоо.
Хотын төвд орших энэ талбайд хүүхдэдээ дуртай үлгэрийн баатрынх нь зурагтай цүнхийг хайсан залуу аав ээж, дүрэмт хувцас, дэвтрийн үнийг нарийн тооцоолон зогсох туршлагатай эцэг эх цөөнгүй байлаа.
Манай улсад дэвтэр дүрэмт хувцаснаас бусад хичээлийн хэрэгсэл ихэвчлэн БНХАУ-аас импортоор орж ирдэг. Гэтэл юань өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар өсөж 1 юань 532 төгрөг болжээ. Энэ нь бараа бүтээгдэхүүний зардал өсөх суурь шалтгаан болж буй. Гэхдээ бичиг хэрэгслийн худалдаа эрхлэгчид юанийн ханш хэдий өссөн ч барааныхаа үнийг төдийлөн нэмээгүй гэдгээ онцлон хэллээ. Тухайлбал үзэг, запас, өнгийн харандаа, пенал зэргээс бүрдэх хичээлийн хэрэгслийн багц 70-120 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин цүнхний хувьд цэцэрлэгийн багачуудынх 10 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол ахлах ангийн сурагчдын цүнх хамгийн хямд нь 45 мянган төгрөгийнх.

Өмнө нь хүүхдүүдийнхээ жилийн хэрэглээг нэг дор базаадаг байсан бол энэ жил хүмүүс цөөн тоогоор авах нь ихэссэн гэдгийг худалдаа эрхлэгчид анзаарчээ. Хэдий оргил ачааллын үе эхлээгүй байгаа ч өмнө жилийнхээс хүн цөөтэй, орлого ч бага байх төлөвтэй байгаа талаар худалдагч нар хэлж байна. Иргэдийн хувьд дунджаар 200-300 мянган төгрөгийг нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд зарцуулдаг гэсэн тооцоолол бий.

Орон нутгаас хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийн базахаар ирсэн иргэд ч тус үзэсгэлэн худалдааг зорин иржээ.Тодруулбал, Дархан-Уул аймгаас ирсэн гэр бүл сургуулийн насны гурван хүүхэдтэйгээ хамтдаа хичээлийн бэлтгэлээ хангахаар ирсэн байхтай таарлаа. Хагас жилд хэрэглэх дөрвөн боодол дэвтрийг хамгийн хямдханаас нь авахад 110 мянган төгрөг, бусад хичээлийн хэрэгсэлтэйгээ нийлээд 300 гаруй мянга болж байгаа талаар хэлж байна. Мөн дунд ангийн хоёр хүүхдийнхээ дүрэмт хувцаст 500 гаруй мянган төгрөг зарцуулсан гэнэ. Үүнээс гадна хичээлийн жил эхлэхээр сурах бичгийн зардал гарах тул зардлаа төлөвлөн хүлээж байгаа талаараа ч хуваалцлаа.

Дүрэмт хувцасны үнийн зөрүү нь материалын чанар, орц, хийцлэлээс хамаардаг
ЕБС-ийн дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэдэг учир юанийн нэмэгдлээс үүдэлтэй үнийн өсөлт харьцангуй бага байна. Манай улсад ЕБС-ийн стандарт дүрэмт хувцас үйлдвэрлэдэг 10 орчим үйлдвэр бий.
Хамгийн хямд үнэтэй нь “MТОТ” ХХК-ийнх
Тус компанийн дүрэмт хувцас хамгийн хямд буюу
Бага ангийн охидын цамц, сарафан, зангиа 110 мянган төгрөг
Бага ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 147 мянгаас,
Дунд ангийн охидын хүрэм, цамц, зангиа, юбка 170 мянган төгрөг,
Дунд ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 176 мянган төгрөг,
Ахлах ангийн охидын хүрэм, цамц, зангиа, юбка 195 мянган төгрөг,
Ахлах ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 200 мянган төгрөг байна.
Хэрэглэгчдийн танил болсон Shilmel Zagvar, BatZuu, TopZuu, ОТТО, Торгон хийц зэрэг кампаниудын дүрэмт хувцас дундаж үнэтэйд тооцогдохоор байна. Тодруулбал,
Бага ангийн охидын цамц, сарафан, зангиа 120-150 мянган төгрөг,
Бага ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 150-205 мянган төгрөг,
Дунд ангийн охидын хүрэм, цамц, зангиа, юбка 176-231мянган төгрөг,
Дунд ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 176-231 мянган төгрөг,
Ахлах ангийн охидын хүрэм, цамц, зангиа, юбка 200-252 мянган төгрөг,
Ахлах ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 210-267 мянган төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.
Хамгийн өндөр үнэтэй нь UNIPORM брэндийн дүрэмт хувцас бөгөөд
Бага ангийн охидын цамц, сарафан, зангиа 235 мянган төгрөг,
Бага ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 245 мянган төгрөг,
Дунд ангийн охидын хүрэм, цамц, зангиа, юбка 305 мянган төгрөг,
Дунд ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 305 мянган төгрөг,
Ахлах ангийн охидын хүрэм, цамц, зангиа, юбка 375 мянган төгрөг,
Ахлах ангийн хөвгүүдийн хүрэм, цамц, зангиа өмд 365 мянган төгрөг байна.
Дүрэмт хувцасны үнийн зөрүү нь материалын чанар, орц болон давхар оёдол зэргээс шалтгаалж байгаа аж.
Стандарт дүрэмт хувцаснаас гадна ээлжийн цамц, поло цамц зэрэг бүтээгдэхүүнийг нэмж худалдаж авах хүмүүс ч байна.
Инфляцын түшин 12 хувьд хүрч иргэдийн худалдан авах чадвар буурсан гэх статистик гарсан. Иргэдийн худалдан авах чадвар буурсан нь хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлд зарцуулах зардлаа чадахаараа танаж, нэг дор бөөнөөр бус эхний ээлжинд хэрэглэх цөөн ширхгээр үзэг, дэвтрээ худалдан авч буйгаас нь харагдаж байлаа.