
Ням гарагт хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том тэмцээн болох 2026 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Европын чансааг тэргүүлэгч Испани, Өмнөд Америкийн №1 баг болох Аргентинтай тулна. Испаничууд түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга болохыг зорьж байгаа бол аргентинчууд дөрөв дэх цомоо авахыг хүсэж байна.
Шигшээ тоглолтын өмнө мэдэх ёстой бүх мэдээллийг хүргэе.
Испани болон Аргентины шигшээ тоглолт 7-р сарын 19-ний ням гарагт (УБ-ын цагаар 20-ны даваа гаргийн 03 цаг)АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Рутерфорд дахь МетЛайф цэнгэлдэх хүрээлэнд болно. 82 500 хүний суудалтай тус цэнгэлдэхийг ДАШТ-ий үеэр "Нью-Йорк–Нью-Жерси стадиум" гэж түр нэрлэж байгаа.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шигшээ тоглолтод хүрэлцэн ирнэ гэдгийг албан ёсоор баталсан. Тэрээр ялагч багт ДАШТ-ий алтан цомыг гардуулан өгнө.
Тэмцээний түүхэнд анх удаа Америкийн Super Bowl шиг томоохон хэмжээний хагас цагийн шоу тоглолт зохион байгуулагдана. Шоунд Мадонна, Жастин Бибер, Шакира, BTS, Burna Boy, Густаво Дудамел болон Coldplay хамтлаг зэрэг дэлхийн хэмжээний одод ая дуугаа өргөнө. Мөн тоглолт эхлэхээс 90 минутын өмнө хаалтын ажиллагаа болох бөгөөд үүнд Том Круз, Робби Уильямс, Николь Шерзингер нарын алдартнууд оролцох юм.
Суперкомпьютерын таамаглал
"Opta" агентлагийн супер компьютерын тооцоолсноор Испанийн шигшээ багийг үндсэн цагт хожих магадлал 45.1 хувь, харин Аргентиныг хожих магадлал 29.4 хувь гэж үзжээ. Тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт цаг эсвэл торгуулийн цохилт руу шилжих магадлал 25.4 хувьтай байна.
Хүрлийн төлөөх тулаан
Хагас шигшээд харамсалтайгаар бүдэрсэн багуудын тоглогчид болон хөгжөөн дэмжигчид шууд нутаг буцахыг илүүд үздэг ч, FIFA-гийн албан ёсоор "Хүрлийн шигшээ тоглолт" хэмээн нэрлэдэг гуравдугаар байрын төлөөх тоглолт нь ДАШТ-ий хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг байсаар ирсэн юм.
Энэ удаа хөлбөмбөгийн ертөнцийн хоёр аварга гүрэн болох Франц болон Английн шигшээ багууд Флорида мужийн Майами цэнгэлдэх хүрээлэнд хүрэл медалийн төлөө тулалдахаар тунаж үлдээд байна. Тоглолт УБ-ын цагаар 7-р сарын 19-ний ням гаргийн өглөө 05 цагт эхэлнэ. Арилжааны үүднээс харвал дэлхийн шилдэг хоёр багийн хоорондох нэмэлт тоглолт нь цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар болон телевизийн шууд дамжуулалтаас FIFA болон зохион байгуулагч хотод асар том санхүүгийн орлого авчирдаг.
Дараагийн буюу 2030 оны ДАШТ хаана болох вэ?
Дараагийн тэмцээн Марокко, Испани, Португал гэсэн гурван улс дамнан зохион байгуулагдана. Шигшээ тоглолт болох хот хараахан эцэслэгдээгүй байгаа ч Мадрид хот хамгийн өндөр магадлалтай. Мөн ДАШТ-ий 100 жилийн ойд зориулан анхны тэмцээнийг зохион байгуулж байсан Уругвай, түүнчлэн Аргентин, Парагвай улсуудад баярын нээлтийн тоглолтууд хийгдэх юм.