Израилийн батлан хамгаалах хүчин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ираны нутагт гэнэтийн цохилт өгснөөс хойш өнөөдөр тав дахь хоногтойгоо золгож байна. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд хоёр улс харилцан гал нээж, пуужин харвасаар байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Израилийн агаарын цохилт дайралтын улмаас Ираны нутаг дэвсгэрт 220 гаруй хүн нас баржээ. Харин Ираны Израильд өгсөн хариу цохилтын үеэр Израилийн нутаг дэвсгэрт 24 хүн нас барсан байна.
Израилийн цэргийн хүчин аюул, агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дуут дохиог асааж ард иргэдээ түр хорогдох байр руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Өнөөдөр өглөөний байдлаар Ираны талаас хөөргөсөн хэд хэдэн пуужинг илрүүлсэн учраас ард иргэдийг амь насаа хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байхыг уриалаад байна.
Изриаль дахь зарим улсын Элчин сайдын яамд иргэдээ Израилийг нутаг дэвсгэрийг нэн даруй орхихыг уриалж эхэлжээ. БНХАУ-ын Элчин сайдын яам иргэдээ Израилийн нутгаас явахыг уриалсан байна.
Харин Ираны нутаг дэвсгэрт Израилийн тал гэнэтийн цохилт өгсөн учраас ямар нэг сэрэмжлүүлэх дохио асааж, иргэдийг түр хорогдох байр руу шилжүүлж чадаагүй учраас их хэмжээний гарз хохирол амсаад байгаа юм. Ираны нийслэл Тегеран хот Израилийн армийн цохилт өгөх төв цэг болоод байна.
Тегеран дахь Ираны зэвсэг хадгалдаг, цэрэг армийн байгууламжуудыг устгах дайралт хийхээ Израилийн батлан хамгаалах хүчин сануулсан. Тиймээс Тегераны иргэд оршин суугчдыг аюулгүй газар руу зугтахыг зөвлөөд байна. Тус хот нь 10 сая оршин суугчтай. Хотын иргэд дэлгүүр, шатахуун түгээх станц зэрэг анхдагч хэрэгцээг хангах газруудад урт дараалал үүсгэж аюулгүй газар руу зугтаж эхэлжээ.
Хотын иргэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш нэг ч хором сэтгэл санаа амар тайван унтаагүй гэдгээ хуваалцсан байна. Сүүлд Израилийн арми Тегеран дахь Ираны төрийн мэдлийн телевизийн сувгийг бөмбөгдсөн байна. Энэ үеэр шууд мэдээ дамжуулж байсан студи бөмбөгдөлтөд өртөж, нэвтрүүлэгч эмэгтэй студиэс шууд гарч зугтжээ. Ираны иргэд Тегераныг дараагийн Газын зурвас битгий болгоочээ хэмээн уриалж байна.