
Монголын эрдэмтэд исгэсэн гүүний сүү лактозын үл тэвчих байдлыг буцаан өөрчилж, сүү сүүн бүтээгдэхүүнд дахин дасгах боломжтойг илрүүлжээ. Уг мэдээллийг It`s Science сошиал хуудас онцлон мэдээлсэн юм.
Монгол Улсын АШУҮИС-ийн судлаачид уламжлалт исгэсэн гүүний сүү болох айраг нь лактозын үл тэвчил шинжтэй хүмүүст лактаза ферментийн ялгаралтыг сэргээдэг фермент үүсгэгч бактерийн омгуудыг агуулдгийг тогтоосон байна. Айргийг тогтмол хэрэглэснээр сүү сүүн бүтээгдэхүүнд олон арван жил дасахгүй байсан насанд хүрэгчид дахин шингээж чаддаг болжээ.
Лактозын үл тэвчих байдал нь дэлхийн насанд хүрэгчдийн 70 хувьд тохиолддог бөгөөд хөхнөөс гарсны дараа лактаза ферментийн ялгаралт буурах нь хөхтөн амьтдад түгээмэл хэв шинж юм. Зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүний уламжлалт хэрэглээ хүчтэй байсан зарим хүн амд л насанд хүрсэн хойноо ч лактаза ялгаруулалт хадгалагдан үлдсэн байдаг. Ихэнх хүмүүс сүү хэрэглэсний дараа гэдэс дүүрэх, суулгах шинж илэрдэг. Монголын судлаачид генетикийн хувьд лактозын үл тэвчих хандлагатай атлаа исгэсэн сүүг их хэмжээгээр хэрэглэдэг нүүдэлчдийн дунд энэ асуудал яагаад ховор байдгийг судалжээ.

Айраг нь лактобациллус болон стрептококкийн өвөрмөц омгуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь маш өндөр түвшний лактаза үүсгэж, исэх явцдаа сүүн дэх лактозыг урьдчилан задалдаг аж. Үүнээс ч илүү сонирхолтой нь айргийг тогтмол хэрэглэх нь гэдэсний бичил биетний бүрэлдэхүүнийг өдөөн, лактаза үүсгэгч бактерийг гэдсэнд суурьшихад хүргэдэг байна. Эдгээр бактери нь сүү хэрэглээгүй үед ч лактаза ялгаруулсаар байж, аажмаар сүүнд тэсвэртэй байдлыг сэргээдэг. Энэ нь лактазын ген үүсэхээс өмнө сүү шингээх боломжийг олгож байсан бактерийн экосистемийг дахин нутагшуулж буйтай адил юм.
Лактозын үл тэвчих шинжтэй оролцогчид гурван сарын турш өдөрт 200 мл айраг уухад аажмаар сайжирч буй нь ажиглагдаж, 12 долоо хоногийн дараа тэдний 80 хувь нь ямар ч зовиургүйгээр энгийн сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чаддаг болсон байна. Тодруулбал, (Шингээгүй лактозыг хэмждэг) амьсгалын устөрөгчийн тестийн үзүүлэлтүүд нь хэвийн болжээ. Айраг уухаа больсноос хойш хэдэн сарын дараа ч эерэг нөлөө нь хадгалагдсаар байсан нь гэдэсний бичил орчин байнгын өөрчлөлтөд орсныг илтгэнэ.
Судлаачид одоо эдгээр тусгаарласан бактерийн омгуудыг ашигласан үйлдвэрийн аргаар үйлдвэрлэх хувилбаруудыг боловсруулж байна. Ингэснээр лактозын үл тэвчих байдал нь генетикийн өөрчлөгдөшгүй шинж биш, харин бичил биетний орчныг өөрчлөх замаар буцаан засах боломжтой төлөв гэдэг нь тодорхой болж байгаа юм.
Эх сурвалж: АШУҮИС, Applied and Environmental Microbiology, 2025