
ISIL (ISIS) зэвсэгт бүлэглэлийг дэмжсэн гэж буруутгагдсан Афган эмэгтэйг АНУ-аас албадан гаргалаа. Энэ нь АНУ-ын засгийн газраас “гадаадын иргэн террорист” гэж ангилсан хүмүүсийг албадан гаргах зорилгоор 30 жилийн өмнө байгуулсан, удаан хугацаанд ашиглаагүй шүүхэд хэлэлцсэн анхны хэрэг боллоо.
АНУ-ын Хууль зүйн яам Назира Хажи Задаг “Гадаадын иргэн террористыг албадан гаргах шүүх”-ээр оруулсны дараа Афганистан руу албадан гаргасан гэж мэдэгдэв.
Техас мужийн Форт-Уэрт хотод амьдарч байсан, АНУ-д хууль ёсоор байнга оршин суух эрхтэй 47 настай Назира Хажи Задаг 2024 онд баривчилжээ. АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш энэ оны долдугаар сарын 15-нд түүнийг албадан гаргах тухай бичиг баримтыг шүүхэд гаргасан байна. Тэрбээр саатуулагдсаныхаа эсрэг маргах эрхээсээ татгалзсан учир Афганистан руу албадан гаргажээ.
Хажи Задаг 2024 оны сонгуулийн өдөр АНУ-ын Оклахома мужид олон хүнийг буудан хөнөөх зорилготой, ISIL-ээс санаа авсан хуйвалдааныг нуухад тусалсан гэж буруутгасан байна. Түүнд өөрт нь хэзээ ч эрүүгийн хэрэг үүсгээгүй боловч хүү Абдулла Хажи Зада болон хүргэн Насир Ахмад Тавхеди нар холбогдох хэргүүдээр гэм буруугаа хүлээжээ.
“Гадаадын иргэн террористыг албадан гаргах шүүх”-ийг Конгресс 1996 онд олон улсын терроризмтой тэмцэх өргөн хүрээний арга хэмжээний нэг хэсэг болгон байгуулсан юм. Энэ нь АНУ-ын холбооны шүүхийн тусгай бүтэц бөгөөд таван шүүгчээс бүрдэж, шүүгчид нь таван жилийн хугацаатай, өөр өөр цагт эхэлж дуусах бүрэн эрхтэйгээр ажилладаг. Үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй тохиолдолд АНУ-ын засгийн газар нууцын зэрэглэлтэй мэдээллийг хэрэгтээ оруулах боломжтой. Гэхдээ яллагдагчийг өмгөөлөлд бэлтгэхэд хангалттай гэж шүүх үзсэн нууцын зэрэглэлгүй хураангуйг заавал гаргах ёстой. Засгийн газар тухайн хүнийг “гадаадын иргэн террорист” мөн гэдгийг хүчтэй нотлох баримтаар батлах үүрэгтэй.
Хууль ёсоор байнга оршин суух эрхтэй хүмүүсийг өөрсдийнх нь эсрэг ашиглах нотлох баримтыг нууцалсан хэвээр шүүхийн өмнө авчрах нь зохих журмын дагуу шүүлгэх эрхийг зөрчиж байна гэж өмгөөлөгчид мэдэгдсэн байна.