
Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хэдийнэ эхэлж, улс төрийн намуудаас хэн хэн өрсөлдөх тухай албан бус мэдээллүүд хөвөрч, рейтинг тогтоох судалгаагаа сэм хийлгэж байна.
Өрсөлдөх магадлал өндөр нэгнээ нам дотроосоо, эсвэл нөгөө талаас нь харлуулах ажиллагаа ч эрчимжив. Намууд ийнхүү бужигнаж байх зуурт сонгууль зохион байгуулах төв байгууллагаас иргэдийн оролцоог хэрхэн сайжруулж болох тухайд ажиллаж байжээ. Улмаар тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар саналаа бэлэн болгосон гэнэ. Гэвч үүнд нь зарим зүйл дутуу хэвээр байна.
Шат шатны сонгуулийг зохион байгуулахад сонгогчдын ирц ямагт санаа зовоох сэдэв байсаар ирсэн. Учир нь, сонгуулиас сонгуулийн хооронд иргэдийн идэвх суларч, итгэл буурч буй юм. Сонгуульд оролцож байгаа нам, түүнээс нэр дэвшүүлж буй хүмүүс дотор дэмжих, итгэл хүлээлгэх нь цөөн, эсвэл хэнийг нь ч сонгосон ялгаа алга гэсэн гутранги үзэл голдуу залууст зонхилдог. Сонгогдоод гараад ирчихсэн улстөрчид дотор нь ёс зүйгүй, нийтийн биш, бүлэглэлийн эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа дэвслэгчид багтсан нь иргэдийн төрд итгэх итгэлийг улам л бууруулж буй юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өнгөрсөн хугацаанд ямар байсныг тодруулъя. 1993 онд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь байсан нь өнөөдрийг хүртэлх хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс хойш бараг л байнга буурчээ. 1997 онд сонгогчдын ирц 85.1, 2001 онд 82.9, 2005 онд 74.98, 2009 онд 73.59, 2013 онд 66.5, 2017 онд 68.27 болсон байх юм. Хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгууль 2021 онд болсон.
Уг сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар өрсөлдсөн. Мөн уг сонгуулийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, 50-иас дээш насны Монгол Улсын иргэн нэг л удаа Төрийн тэргүүнээр зургаан жилийн турш ажилладаг болгосон байв. Сонгогчдын ирц 59.29 хувь буюу түүхэн доод үзүүлэлттэй гарсан. Монгол Улсын нийт сонгогчийн 59 хувь нь оролцоход олонхийн саналаар У.Хүрэлсүх сонгогдсон юм.
Ирц ийнхүү буурч буйн шалтгааныг СЕХ тогтоохыг оролджээ. Иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад зохион байгуулалтын хувьд юуг өөрчилж, сайжруулахыг судалж, хуульд өөрчлөлт оруулах санал өгөх нь тэдний үүрэг. Тиймээс тэд 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 хүнийг хамруулсан “Сонгогчийн зан төлвийн судалгаа” хийсэн байна. Судалгаанд оролцогчдын 33.9 хувь нь санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан болж таарав. Мөн нийслэлд сурч, амьдардаг, орон нутгийн хаягтай оюутнууд 7.7 хувийг эзэлжээ. 5.5 хувь нь гадаадад байсан гэсэн байна. Улирлын шинж чанартай буюу уул уурхай, ачаа тээвэр зэрэг салбарт ажилладаг 56 мянга, оюутан 20 мянга, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд дайчлагддаг 46 мянга орчим төрийн албан хаагч бий гэнэ.
Нийт 250 мянган хүн “хаяг дээрээ байгаагүй” шалтгаанаар сонгох эрхээ эдэлж чаддаггүй аж. Тиймээс СЕХ-ныхон санал авах өдөр үндсэн хаяг дээрээ байхгүй төрийн албан хаагчид, ээлжийн ажилтай хүмүүс, оюутнуудаас урьдчилж санал авдаг болох зохицуулалтыг хуульд тусгах нь зөв гэж үзсэн аж.
Мөн санал авах өдөр хаана байхаа урьдчилж таамаглах боломжгүй хүмүүс байж болно. Тийм үед ч “сул иргэн” үлдээлгүйгээр, сонгох эрхийг нь хангах боломж бүрдүүлэх гэнэ.
Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн сонгох эрх хамгийн ихээр зөрчигддөг.
Тэд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш парламентын есөн удаагийн сонгуулиас ердөө хоёрт нь буюу 2012, 2024 оныход л саналаа өгч чадсан. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, намын жагсаалтаар санал авахад л гадаадад байгаа иргэд оролцдог гэсэн үг. Харин Ерөнхийлөгчийн сонгууль арай ялгаатай. Төрийн тэргүүнээ сонгоход иргэд хилийн чанадаас оролцох боломжийг хуулиар нээж өгсөн юм. Тиймээс 2013 оноос хойших сонгуульд гадаадад байгаа иргэд оролцжээ. Гэвч хувь, оролцоо нь маш хангалтгүй. Үүний шалтгааныг сонгууль бүрээр л ярьдаг. Иргэд заавал тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт биеэр очиж саналаа өгөх ёстой.
Гэтэл дэлхийн хэмжээнд манай улсын нийт 49 дипломат төлөөлөгчийн газар л бий. Тэгэхээр иргэд ойролцоох Элчин сайдын яам, Консултай газрыг зорих болно. Бүтэн өдрийн, заримдаа 2-3 өдрийн ажлаа ч алдана. Тийм боломжтой хүн олон биш. Бас ажил, орлогоо алдахад хүрнэ. Гадаад улсад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон ирц үүнийг баталж буй. 2013 оны сонгуульд 6233 сонгогч бүртгүүлж, 4248 сонгогч буюу 68.2, 2017 онд 7374 сонгогч бүртгүүлж, 7209 хүн буюу 66.8, 2021 онд 7398 сонгогч бүртгүүлснээс 5568 нь буюу 75.30 хувь нь саналаа өгчээ.
СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ
Албан бус тоо баримтаар Монгол Улсаас 200 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй. Харин статистик тоо баримтад дурдсанаар 120 мянга орчим сонгогч гадаад улсад бий.
Тэгэхээр хилийн чанадад амьдарч буй сонгуулийн насны хүмүүсийн ердөө 5-6 хувь нь л санал өгөхөөр бүртгүүлдэг байна. Тэдний 65 хувь нь саналаа өгдөг гэхээр энэ үзүүлэлт бараг тэгтэй тэнцэнэ. Амьдардаг хотод нь Дипломат төлөөлөгчийн газар байдаг, эсвэл үнэхээр л сонгох эрхээ эдэлж, парламентад зөв төлөөлөл сонгоход хувь нэмрээ оруулахыг хүссэн хүмүүс зорьж очдог. Тиймээс л гадаадад байгаа иргэд онлайнаар сонгуульд оролцохоор бүртгүүлж, саналаа ч тийм арга замаар өгдөг зохицуулалттай болгохыг хүсдэг юм. И-мэйлээр, шуудангаар баталгаажуулж гэх мэт санал өгөх хувилбар байвал оролцох иргэдийн тоо улам өснө. 120 мянган иргэний ядаж 30 хувь нь оролцох боломж бүрдэнэ. Харамсалтай нь, СЕХ-ны саналд энэ тухай тодорхой зүйл алга. Тэд гагцхүү санал авах өдрийн тоог нэмэх, гадаадад байгаа иргэдийн саналыг сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа авах өөрчлөлт оруулахаар санал гаргажээ. Сурталчилгаанаас өмнө саналыг нь авахаар иргэд “харанхуй”-гаар сонголт хийх болдог аж.
Санал авах өдөр олон шалтгаанаар хаяг дээрээ байдаггүй 250 мянга орчим хүний сонгох эрхийг хуульд дээрх өөрчлөлт оруулснаар хангах юм байна. Харин гадаадад буй иргэдийн саналыг онлайнаар, шуудангаар авах хүсэлт, бодит хэрэгцээг биелүүлэхгүй бол 120 мянган иргэний хүсэл “гээгдсэн” хэвээр л байна. Тэгэхээр энэ удаа хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөс “огцом дэвшил” хүлээх хэрэггүй харагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81.1-д “Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” хэмээн заасан. Тэгэхээр УИХ-д хуульд өөрчлөлт оруулах дөрвөн сар хүрэхгүй хугацаа бий гэсэн үг. СЕХ-ноос дээрх байдлаар сонгогчдын оролцоог нэмэх санал оруулдаг юм байж. Тэгвэл одоо УИХын гишүүд үүнийг нь бүтэн болгож, гадаадад байгаа иргэдийнхээ саналыг онлайнаар авах, тэдний оролцоог бодитоор нэмэгдүүлэхэд санаа тавих учиртай. Мэдээлэл алдагдахгүй байх, аюулгүй байдал болон техникийн боломжийг бүрдүүл. Юм үзэж, нүд тайлсан иргэдийнхээ саналыг түлхүү авдаг болбол парламентад сонгогдох хүмүүс ч арай “эрүүлжих” биш үү!