
Улаанбаатарын шөнө энэ удаа ердийнхөөсөө өөр өнгө төрхтэй байлаа. Гүйлтийн хувцастай залуус, хөгжмийн хэмнэл, тайзны гэрэл, барианд тэмүүлэх тамирчид нийслэлийн шөнийн амьдралд шинэ хэмнэл авчирсан юм. Монголд анх удаа зохион байгуулагдсан шөнийн марафон ийнхүү өндөрлөсөн ч оролцогчдын хувьд үлдсэн сэтгэгдэл нь зөвхөн гүйсэн зайгаар хязгаарлагдсангүй. Гэрэлтүүлэг, усны хүртээмж, замын зохион байгуулалт, мерч бүтээгдэхүүн болон гарааны үеийн бөөгнөрөл зэрэг нь оролцогчдын сэтгэл ханамж, туршлагад харилцан адилгүй нөлөөлжээ.
Марафоныг зохион байгуулах санаа анх залуусын дунд үүсэж, үндсэн бэлтгэл ажил наймдугаар сарын дунд үеэс эхэлжээ. “Портал” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал, марафоны үндсэн зохион байгуулагчдын нэг У.Басбишийн хэлснээр, арга хэмжээг зохион байгуулах шийдвэрийг наймдугаар сарын эхээр гаргаж, нийслэлийн холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсны дараа бэлтгэл ажлаа эрчимжүүлсэн байна.
“Бид бараг сарын өмнөөс бэлтгэлдээ орсон. Дэлхийн жишигт ганцхан сарын дотор марафон зохион байгуулдаг тохиолдол бараг байхгүй” гэдгийг тэрээр онцлов. Зам хаах, маршрут тогтоох, цагдаа болон бусад байгууллагуудтай зөвшилцөх, сурталчилгаа, брэндинг, логистик зэрэг олон талын ажлыг богино хугацаанд амжуулснаа зохион байгуулагчид тайлбарлалаа.
Энэ богино хугацааны бэлтгэл нь оролцогчдын хүлээлтэд ч нөлөөлсөн байна. Тухайлбал, гүйлтийн спортоор 2021 оноос хойш хичээллэж буй Н.Энхзул марафоны зарыг хараад анх “гэнэтийн” санагдсан гэдгээ хэлсэн юм. Гэвч марафон дууссаны дараа шөнийн цагаар анх удаа гүйсэн нь сонирхолтой, шинэлэг туршлага байсныг тодотгов.
Гэхдээ шөнийн гүйлт нь өдрийн марафоноос ялгаатайгаар гэрэлтүүлэг, замын харагдац зэрэгт илүү нарийн бэлтгэл шаарддаг. Оролцогч Н.Энхзулын хэлснээр, маршрутын зарим хэсэгт гэрэлтүүлэг хангалтгүй байсан аж. Тэрбээр “Гэрэлтүүлэг багатай байсан. Усны цэгийн хувьд би өөрөө бэлтгэлтэй байсан учраас хангалтгүй байсныг анзаараагүй. Харин бусад оролцогчдын хэлж байгаагаар зарим усны цэгт ус хүрэлцээгүй, гүйж яваа хүмүүст ус авахад хүндрэлтэй байсан гэсэн шүүмжлэл гарсан” хэмээн ярив.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, 21 км-ийн маршрутын дагуу таван усны цэг, хоёр эмнэлгийн цэг, цагдаагийн хоёр хэсэг ажиллаж, нийт 65 сайн дурын ажилтан оролцжээ. Гэвч усны цэгийн тоо төлөвлөсөн хэмжээнд байсан ч тэдгээрийн хүртээмж бүх оролцогчдод адил байж чадсан эсэх асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, 10 км-ийн зайд гүйсэн нэгэн оролцогчийн хэлснээр, зарим усны цэгт ус дууссан байжээ.
Мөн зам дагуу хогийн сав хангалтгүй байсан талаар оролцогчид ярьсан юм. Үүний улмаас зарим оролцогч хогоо барьж гүйх, эсвэл зам дээр хаях нөхцөл үүссэн байна. Иймээс шөнийн марафоныг төлөвлөхдөө зөвхөн усны цэгийн тоо бус, оролцогчдын тоо, тухайн цэгийн байршил, усны нөөц, хог хаягдлын зохицуулалт зэрэг хүчин зүйлсийг хамтад нь тооцох шаардлагатай байсан нь харагдана.
Харин 21 км-ийн зайд 2 цаг 45 минут гүйсэн оролцогч н.Цэгц зохион байгуулалтыг ерөнхийд нь боломжийн болсон гэж дүгнэв. Тэрээр өмнө нь “Улаанбаатар марафон”-д оролцож байсан бөгөөд энэ удаа шөнийн цагаар гүйж, өөрийн амжилтыг ахиулах зорилго тавьсан аж.
Оролцогчдын дунд хөндөгдсөн бас нэг асуудал нь 21 км-ийн маршрутын замын урт болон замын нөхцөл байлаа. Н.Энхзулын хэлснээр тухайн өдөр 21 км-ийн зам бүрэн хүрээгүй, ойролцоогоор 19 км дээр дууссан гэнэ. “Зам дутуу буюу 19 км орчим байсан. Гэхдээ анх удаа зохион байгуулж байгаа гэхэд боломжийн болсон” гэж тэр хэлэв. Мөн зарим оролцогч сошиал сүлжээнд 21 км-ийн маршрут 19 км орчим байсан талаар бичиж, маршрутын уртад эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Гэхдээ энэ нь марафон зохион байгуулсан анхны тохиолдол биш. Улаанбаатар марафон өмнөх жилүүдэд олон удаа зохион байгуулагдсан туршлагатай. Энэ удаагийн онцлог нь марафоныг шөнийн цагаар зохион байгуулсан гэдгээрээ л ялгаатай. Өөрөөр хэлбэл, өмнөх марафонуудын зохион байгуулалтын туршлага дээр тулгуурлан шөнийн гүйлтийн онцлог болох гэрэлтүүлэг, замын харагдац, хөдөлгөөний зохицуулалт зэрэгт нэмэлтээр анхаарах шаардлага үүссэн гэсэн үг. Үүний зэрэгцээ 21 км-ийн зайг бүрэн хангах маршрут тогтоох, түүнийг хэмжиж баталгаажуулах, оролцогчдод зарласан зайтай нийцүүлэх зэрэг нь өмнөх марафонуудын туршлага дээр үндэслэн төлөвлөх боломжтой зохион байгуулалтын үндсэн асуудал байв.

Марафоны өмнө болон дараа оролцогчдын дунд яригдсан сэдэв бол албан ёсны сурталчилгааны бүтээгдэхүүн буюу мерч байв. Н.Энхзулын хувьд загвар нь таалагдсан ч чанарын хувьд санаанд нь бүрэн хүрээгүй бөгөөд олон нийтэд сурталчилсан зураг болон бодитоор хүлээж авсан бүтээгдэхүүн зөрж байсан гэж үзжээ.
Харин зохион байгуулагч тал мерчийг хоёр өөр ангилалтай байсныг тайлбарлав. Тодруулбал, сонирхсон хүмүүст худалдаалсан “Limited Merch” болон оролцогчдын багц тусдаа байжээ. Зохион байгуулагч У.Басбишийн тайлбарласнаар, бүртгэлийн багцад футболк, цүнхнээс гадна оролцогчийн дугаар, Германаас ирсэн чип, тэмдэг, түлхүүрийн оосор, бандана болон финишер медаль багтсан байж. Харин 120-160 мянган төгрөгийн үнэтэй премиум футболк, цүнхийг тусад нь худалдаалсан аж.
Оролцогч н.Цэгцийн хувьд эхэндээ инфлюенсерүүдийн сурталчилсан мерч ирнэ гэж бодсон ч дараа нь зохион байгуулагчдын тайлбарыг уншаад ойлголт авсан гэв. Харин анх удаа марафонд оролцсон н.Учрал мерч авах боломж өндөр байсанд сэтгэл хангалуун байлаа. Мерчийг олон салбараас авч болохоор зохион байгуулсан нь ажил, хичээлийнхээ хажуугаар амжуулахад тохиромжтой байсныг тэрээр онцоллоо.
Шөнийн марафоны үеэр тодорхой чиглэлүүдэд замын хөдөлгөөн хязгаарлагдсан нь зөвхөн оролцогчдод бус, тухайн бүсээр зорчиж байсан иргэдийн өдөр тутмын ажил, амьдралд сөргөөр нөлөөлжээ. Зам хааснаас үүдсэн түгжрэл, зорчиход хүндрэл учирсан талаар бухимдсан сэтгэгдлүүд сошиал сүлжээнд олонтаа нийтлэгджээ. Тухайлбал, нэг иргэн “Цаг нартай уралдаж ажлаа амжуулдаг хүмүүсийг утгаар нь "цусгүй алж" байна. Хагассайн амралтын өдөр ч гэсэн гэр бүлдээ болон бусад зүйлд зориулах цаг хугацаа гэж байдаг” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Мөн өөр нэг иргэн оргил ачааллын үеийн нөхцөл байдлыг “Зам нь түгжээтэй, ганц хоёрхон автобус ирж байгаа нь аль хэдийн дүүрэн. Нэг л ороо бусгаа санагдах юм” хэмээн бичжээ.
Эдгээр сэтгэгдэл нь марафоныг зохион байгуулахдаа оролцогчдын аюулгүй байдлаас гадна зам хаасан нь иргэдийн өдөр тутмын ажил, зорчих цагийн хуваарь болон хотын хэвийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөхийг тооцох шаардлагатайг илтгэж байна.

Шөнийн марафоны санхүүгийн зохион байгуулалттай холбоотой асуудал сошиал орчинд мөн хөндөгдсөн.
Нээлттэй мэдээллээр тус марафонд 5, 10, 21 километрийн гурван зайд нийт 8837 хүн бүртгүүлжээ. Үүнээс 5 км-ийн зайд 1694, 10 км-т 1794, 21 км-т 5349 хүн бүртгүүлсэн байна. Зай тус бүрийн бүртгэлийн хураамжийг нийт бүртгүүлсэн оролцогчдын тоотой харьцуулан тооцоход 725.7 сая төгрөгийн орлого бүрдэх боломжтой гэсэн тооцоо гарч байна. Гэхдээ энэ нь зөвхөн нийтэд мэдээлэгдсэн бүртгэлийн үнэ болон бүртгүүлсэн оролцогчдын тоонд үндэслэсэн тооцоо бөгөөд бодитоор төвлөрсөн орлогыг илэрхийлэхгүй. Хөнгөлөлттэй бүртгэл, урилга болон бусад төрлийн бүртгэл байсан эсэхийг мөн харгалзан үзэх шаардлагатай.
Мэдээж бүртгэлийн хураамжийг оролцогчдын тоогоор үржүүлсэн дүнг цэвэр ашиг гэж үзэх боломжгүй. Марафоны замын зохион байгуулалт, тайз, гэрэлтүүлэг, хамгаалалт, эмнэлгийн үйлчилгээ, ус, оролцогчдын багц, медаль, ажиллах хүч болон бусад зардалд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.
Мөн “Шөнийн марафон” ХХК нь 2026 оны наймдугаар сарын 31-нд байгуулагдан түүнээсээ хойш "удалгүй" төрийн албатай хамтран томоохон арга хэмжээ зохион байгуулсан нь бизнес эрхлэгчдийн хардлагыг төрүүлж, шүүмжлэх нэг асуудал болсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Шөнийн марафон” ХХК болон Portal.mn хамтран арга хэмжээг зохион байгуулсан талаар мэдээлсэн боловч талуудын санхүүгийн оролцоо, үүрэг хариуцлага ямар байсан нь олон нийтэд бүрэн тодорхой болоогүй нь хардлага төрүүлэхээс аргагүй хамтрал болгосон. Тухайлбал, нийслэлээс арга хэмжээнд хэдий хэмжээний төсөв гаргасан, бүртгэлийн орлогоос зохион байгуулалтын зардалд хэдийг зарцуулсан, нийт орлого болон зарлагын эцсийн тооцоо хэд болсон талаарх мэдээлэл энэ сурвалжилгыг бэлтгэх үед тодорхойгүй байв. Иймээс дээрх тооцоог орлого, ашиг хоёрын ялгааг харгалзан үзэж, холбогдох байгууллагуудын албан мэдээллээр нэн даруй баталгаажуулж нээлттэй, ил тод байдлаа хангах хэрэгтэйг дахин санууллаа.
Улаанбаатар хотод марафон зохион байгуулсан туршлага өмнө нь олон жил хуримтлагдсан. Энэ удаагийн арга хэмжээний шинэ тал нь марафон бус, харин шөнийн цагаар зохион байгуулсан концепц байв. Тиймээс өмнөх марафонуудын зохион байгуулалтын туршлагыг ашиглахын зэрэгцээ шөнийн гүйлтийн онцлог болох гэрэлтүүлэг, замын харагдац, оролцогчдын аюулгүй байдал, ус болон эмнэлгийн тусламжийн хүртээмж, замын хөдөлгөөний зохицуулалт зэрэгт нэмэлтээр анхаарах шаардлагатайг тод харуулав. Ерөөс сайн дурын аливаа арга хэмжээг нийт иргэдийн эрх ашигт хэр нийцтэй байхыг тооцоолсны үндсэн дээр зохион байгуулах хэрэгтэйгээс бус нийслэл даяар түгжрэл үүсгэн, иргэдийн ажил амьдралд эдийн засгийн сөрөг үр дагавар үүсгэн байж хийх шаардлага байсан уу гэдгийг шөнийн марафон хангалттай харууллаа.
Зохион байгуулагчдын мэдээлснээр үндсэн бэлтгэл ажлыг арга хэмжээ болохоос ойролцоогоор нэг сарын өмнө эхлүүлсэн гэх тайлбар нь зам хаах, маршрут тогтоох, холбогдох байгууллагуудтай зөвшилцөхөөс эхлээд оролцогчдын бүртгэл, сурталчилгаа, логистик, аюулгүй байдал зэрэг олон талын ажлыг энэ хугацаанд багтаасан гэсэн үг.
Ийм хэмжээний, олон мянган оролцогчтой, нийслэлийн замын хөдөлгөөнд шууд нөлөөлөх арга хэмжээг яагаад ийм богино хугацаанд төлөвлөж, зохион байгуулах болсон нь мөн анхаарах асуудал юм. Хугацаа богино байсан нь гэрэлтүүлэг, усны хүртээмж, маршрутын зохион байгуулалт зэрэгт гарсан зарим хүндрэлд нөлөөлсөн эсэх, эсвэл эдгээр асуудал нь төлөвлөлт болон хэрэгжилтийн өөр хүчин зүйлтэй холбоотой эсэхийг цаашид тодруулж, бодит байдал, үр нөлөөг хүлээн зөвшөөрч засаж залруулах ёстой.
Шөнийн марафон цаашид тогтмол зохион байгуулагдах эсэхээс үл хамааран энэ удаагийн арга хэмжээний туршлага нь олон мянган хүнийг хамарсан хотын хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад бэлтгэл хугацаа, аюулгүй байдал, үйлчилгээний хүртээмж болон санхүүгийн ил тод байдлыг хэрхэн уялдуулах вэ гэсэн асуудлыг, нэмээд төр хувийн хэвшлийн түншлэл ардаа мотортой мэт сар хүрэхгүй хугацаанд биежиж буй нь бизнес эрхлэгч бүрд олддоггүй "боломж" гэдгийг ч илчиллээ.
Бэлтгэсэн: А.Ариунжин