
Дайны нөхцөл байдлын дунд хүүхдүүдэд хэвийн амьдралын мэдрэмжээ дахин олж авахад туслах иогийн хичээл орж эхэлжээ.
Газын хойд хэсэгт нэгэн палестин багш майхныг жижигхэн иогийн танхим болгон тохижуулж, бүслэлтэд буй энэ бүс нутагт өдөр тутмын амьдралын бэрхшээлээс түр ч болов ангижрах амар амгалангийн мөчийг хүүхдүүдэд олгож байна.
Иогийн хичээлийг Газ хотод нэвтрүүлэх санааг хүүхдүүдэд сэтгэлзүйн шархыг даван туулахад нь туслах арга зам хайж байсан Хадиль аль-Гарбави гаргажээ. Энгийн хөдөлгөөн, амьсгалын дасгалуудаар дамжуулан хүүхдүүдэд тайвшрал, аюулгүй байдал, баяр баяслыг мэдрүүлэх боломж олгодог аж.
Хүүхдүүд зузаан дэвсгэр дээр хөлөө зөрүүлэн сууж, нүдээ анина. Зарим нь төвлөрч байхад, нөгөөдүүл нь ичингүйрсэн инээмсэглэлээ барьж ядан, ангийнх нь хүүхдүүд багшийн зааврыг дагаж байгаа эсэхийг хажуугаар нь сэмхэн харан, танил бус иогийн дасгал хийн хөгжилдөнө.
“Би хүүхдүүдтэй хийдэг үйл ажиллагаагаа зөвхөн зураг зурах, будахаар хязгаарлахыг хүсээгүй. Интернэтээс хайж үзээд иог нь хүүхдүүдэд сэтгэлзүйн шархнаас ангижрахад тусалж чадна гэдгийг олж мэдсэн” гэж аль-Гарбави Ал Жазийрагийн сурвалжлагчид ярьжээ.
“Газад иог өргөн дэлгэрээгүй учраас би өөрөө онлайнаар сурч, хүүхдүүдтэй хамт дадлага хийхээр шийдсэн. Иогоор дамжуулан тэд стрессээ тайлж, эргэн тойрон дахь хүнд хэцүү амьдралтайгаа эвлэрч сурах боломжтой” хэмээн аль-Гарбави тайлбарлав.
Газын хүүхдүүд тасралтгүй үргэлжлэх хүчирхийлэл, сэтгэлзүйн хүнд цочролын мөчлөгт өртөж ирсэн нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд гүнзгий нөлөөлсөн гэдгийг ДЭМБ-ын тайланд дурджээ.
Израилийн Газад явуулж буй хоёр жилийн дайны байнгын бөмбөгдөлт, нүүлгэн шилжүүлэлт, гэр бүлийн гишүүдээ алдах, бие махбодын өвдөлт зэрэг нь сэтгэл гутрал, нийгмээс тусгаарлагдах, уй гашуу зэрэг шинж тэмдгийг үүсгэдэг талаар уг тайланд тэмдэглэсэн байна.
“Аймшигт дайн, нүүлгэн шилжүүлэлт, гэмтэл учруулсан үйл явдалд хоёр жил өртсөний дараа Газын бүх хүүхдүүдэд сэтгэцийн болон нийгэм-сэтгэлзүйн дэмжлэгийн үйлчилгээ шаардлагатай” хэмээн UNICEF энэ сарын эхээр мэдэгдсэн.
Иймээс Газад явагдаж буй иогийн хичээл нь зөвхөн биеийн тамирын дасгал бус хүүхдүүдэд айдсаас түр холдож, сэтгэл хөдлөлөө чөлөөлж, хэдхэн хором ч болов өөрсдийгөө нөхцөл байдлыг хянаж байна гэж мэдрэх боломж олгодог гэдгийг оролцогчид хэлж байна.
“Бид энд иог хийх, суралцах, урлагийн ажил хийхээр ирдэг” гэж нүүлгэн шилжүүлэгдсэн сурагч Сувар ярьжээ. “Эдгээр үйл ажиллагаа бидэнд дайныг, хүйтэн ширүүн цаг агаарыг, усны дарааллыг түр ч болов мартах боломж олгодог. Ялангуяа иог нь бидэнд тайвшрах мөч өгч, аюулгүй, аз жаргалтай мэт мэдрэмж төрүүлдэг” гэдгийг ч мөн онцолсон байна.
Иогийн хичээлээс гадна уг майханд боловсролын болон чөлөөт цагийн хөтөлбөрүүд явагддаг бөгөөд аль-Гарбавигийн хэлснээр эдгээр нь хүүхдүүдийн төсөөлөн бодох чадварыг идэвхжүүлэхэд чиглэдэг гэнэ. “Сургалтыг тоглоомын болон эмчилгээний чанартай үйл ажиллагаатай хослуулах нь хүүхдүүдэд сэтгэлзүйн гэмтэлтэйгээ тэмцэж, хэвийн амьдралын мэдрэмжээ дахин олж авахад тусалдаг” гэж аль-Гарбави хэлжээ.