
Хамгийн сүүлийн үеийн зарим технологи нь фермерүүдийн хамгийн эртний асуудлуудын нэг болох хогийн ургамалтай тэмцэхэд ашиглагдаж эхэллээ.
Royal Agricultural University-ийн судлаачид Английн Сиренцестэр хотод дрон болон хиймэл оюун ухаан ашиглан тариалангийн талбайг сканнердаж, хогийн ургамлыг илрүүлэх судалгаа хийж байна.
Хогийн ургамалтай тэмцэх нь фермерүүдийн хувьд ихээхэн хэцүү, цаг их шаарддаг ажил байдаг. Тэгвэл судлаачид шинэ технологи ашигласнаар цаг хэмнэхээс гадна химийн бодисыг их хэмжээгээр цацах шаардлагыг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Тус их сургуулийн Байгаль орчны менежмент ба тогтвортой байдлын ахлах багш доктор Эммануэль Зуза хэлэхдээ “Хиймэл оюун ухаан болон дроныг хослуулан ашигласнаар хогийн ургамал яг хаана байгааг маш нарийн тодорхойлж чадна. Тиймээс бүх талбайд пестицид эсвэл гербицид цацахын оронд зөвхөн тодорхой хэсгүүдийг сонгон боловсруулж болно. Ингэснээр байгаль орчинд цацагдах гербицид, пестицидийн хэмжээ багасна. Мөн фермийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах боломжтой” гэж хэлжээ.
Мөн зарим хогийн ургамал зарим төрлийн гербицидэд тэсвэртэй болж эхэлсэн байна. Химийн бодисын хэрэглээг багасгах нь ийм тэсвэржилт үүсэх явцыг удаашруулж магадгүй гэж судлаачид найдаж байна.
Одоогоор их сургуулийн оюутнууд хиймэл оюун ухааны программд хогийн ургамлын төрөл зүйлийг зөв таних чадвар суулгах дээр ажиллаж байна. Учир нь таримал ургамал ургахын хэрээр өндөр болж, заримдаа хогийн ургамлыг далдалж орхидог.
Зуза “Бид янз бүрийн алгоритмуудыг судалж, зурагнаас хогийн ургамлыг хэр нарийн таньж чаддагийг шинжилж байна” хэмээн тайлбарлажээ.
Эдгээр хиймэл оюун ухаанд суурилсан загваруудыг мөн шавж болон бусад хортонг илрүүлэхэд сургаж болно.
Судалгааг одоогоор их сургуулийн эзэмшлийн газар дээр хийж байгаа боловч удахгүй бодит фермерийн аж ахуйд туршиж эхлэхээр төлөвлөж байгаа аж.