
Бэлгийн хүчирхийллийн хэргээр ял шийтгүүлсэн Жеффри Эпштейний шоронд нас барсан явдал нь амиа хорлолт бус, харин хүн амины хэрэг байсан гэж үзэж буйгаа шүүх эмнэлгийн шинжээч профессор Майкл Фриман BBC-ийн Newsnight нэвтрүүлэгт ярьжээ.
Жорж Флойдын хэрэг зэрэг цагдаагийн саатуулах байранд нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээчээр ажиллаж байсан Фриман Нью-Йорк хотын шүүх эмнэлгийн баримт бичиг, гэрэл зургуудыг судалсан байна. Тэрээр Эпштейний зүүн мөрөнд гүн цус хуралт үүссэн, нүүрэнд нь цохиулсан байж болзошгүй гэмтэл илэрсэн нь халдлагад өртсөнийг илтгэж байна гэж үзжээ. Мөн хүзүүн дэх оосрын мөрний дээд хэсэгт хумсны ором байгаа нь хохирогч өөрийгөө аврах гэж оролдсоны дараа цогцсыг орноос дүүжилсэн байх магадлалтай гэж дүгнэжээ.
2019 оны наймдугаар сарын 10-нд Эпштейнийг нас барсны дараа задлан шинжилгээ хийсэн эмч болон тухайн үеийн Нью-Йорк хотын шүүх эмнэлгийн ерөнхий шинжээч доктор Барбара Сэмпсон түүний гэмтлүүд дүүжлүүлж амиа хорлосонтой илүү нийцэж байна гэж албан ёсоор дүгнэсэн юм. Фриман цогцсыг биечлэн хараагүй бөгөөд ахыгаа алагдсан гэж байнга мэдэгдсээр ирсэн Марк Эпштейний өгсөн баримт, зургууд дээр үндэслэн дүгнэлт гаргажээ. Тэрээр судалгаагаа хараат бусаар хийсэн, ямар нэгэн төлбөр аваагүй гэдгээ онцолсон ч уг судалгаа нь хараахан бусад эрдэмтдээр хянагдаж баталгаажаагүй аж.
М.Мичидмарал