Афганистан болон Пакистан улсуудын хил залгаа бүсэд өнгөрсөн долоо хоногоос хойш буун дуу гарсан. Хилийн бүсэд гарсан мөргөлдөөний улмаас хоёр улсын нутаг дэвсгэрт хэдэн арван хүн амь үрэгдээд байна. Талууд харилцан адилгүй мэдээлэл өгч байгаа учраас хэд хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн иргэдийн тоог нарийн мэдээлэх аргагүй байна.

Афганистаны Талибаны Засгийн газар болон Пакистаны Засгийн газар мөргөлдөөнийг намжаахын тулд хилийн бүсэд түр хугацаанд гал зогсоох хэлэлцээр байгууллаа. Гал зогсоох үеэр гэмтэж шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх юм байна. Талууд орон нутгийн цагаар лхагва гаргийн өдөр 13:00 цагаас эхэлж 48 цаг буюу хоёр хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцжээ.

Мөргөлдөөн Пакистантай хил залгадаг Афганистаны Кандахар мужийн Спин Болдак дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилсэн байна. Афганистан дахь Талибаны эх сурвалжийн мэдээлснээр Пакистан нийслэл Кабул болон Кандахарт агаарын цохилт өгчээ. Энэ үеэр 12 иргэн амь эрсдэж, 100 гаруй хүн гэмтэж шархадсан байна.

Хилийн мөргөлдөөнийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн тал нь Пакистан гэж Афганистан дахь Талибаны эрх баригчид мэдэгдсэн. Исламабад Кабулыг Пакистаны Талибаны зэвсэгт бүлэглэлийн дайчдыг газар нутагтаа нууцаар орогнуулж байгаад буруутгасаар ирсэн. Харин Кабулаас уг хардалт сэрдэлтийг ор үндэслэлгүй гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа юм.

Харин Исламабадаас Кабулыг хилийн бүс нутагт зэвсэгт мөргөлдөөний эхлүүлсэн буруутай гэж мэдээлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Пакистан, Афганистан улсууд хилийн зэвсэгт мөргөлдөөнийг эхлүүлсэн хэрэгт харилцан нэгнээ буруутгасаар байна.

Пакистаны талын мэдээллээр тус улсын арми Спин Болдак дүүрэгт Афганы Талибаны зэвсэгт бүлгийн 20 орчим дайчныг хороож, олон арван зэвсэгт гэмт этгээдийг шархдуулсан гэжээ. Энэ үеэр Пакистаны армийн цэргүүд ч мөн амиа алдсаныг Афганистан дахь Талибаны Засгийн газрын эрх баригчид мэдээлжээ.

Зэвсэгт мөргөлдөөн харилцан агаарын цохилт өгснөөр улам хурцдаж, удалгүй Исламабад түр хугацаанд гал зогсоохоор болсныг зарлан мэдээлсэн байна. Исламабад дахь Гадаад хэргийн яамнаас гал зогсоох 48 цагийн хугацаанд хямралыг яриа хэлцлийн замаар шийдвэрлэх гарц хайх болно гэдгийг онцолжээ.

Кабул дахь эрх баригчид ч мөн гал зогсоох хэлэлцээрийг хүндэтгэн үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Талууд харилцан нэгнээ буруутгахын зэрэгцээ мөргөлдөөний үеэр их хэмжээний гарз хохирол амссан тухайгаа өрсөлдөн мэдээлж байна. Кабул хоёр ч удаа агаарын цохилтод өртөж, хэдэн арван иргэн амь нас эрүүл мэндээрээ хохирсон тухай дамжуулжээ.