Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайдыг огцруулж, УИХ-ын даргыг чөлөөллөө
МАН-ын даргын төлөөх тэмцэл Тусгаар тогтнолын ордноос хальж, төрийн гурван өндөрлөгийн хоёр нь суудлаасаа бууснаар үргэлжилж байна. Г.Занданшатар болон Д.Амарбаясгалангийн тал гэсэн хоёр хэсэгт албан бусаар хуваагдаад байсан МАН-ын бүлэг ч 36, 32-оороо албан ёсоор хуваагдан хуралдахаар уралдаж бүлгийн даргаа огцруулаад амжсан. Пүрэв гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхээр санал хураалт явуулахад 86.4 хувь нь огцруулах саналыг дэмжсэнгүй. Үүнийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Тэргүүн шадар сайд Н.Учрал тэргүүтэй УИХ-ын гишүүд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэл хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандав. Ерөнхий сайдыг огцруулах асуудал "Саналын томъёолол"-ын улс төр рүү шилжсэнээр пүрэв гарагт чуулганы ирц бүрдсэнгүй 25 цаг болсон. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдсэн юм. Түүний хувьд өөрийнх нь нэр холбогдоод байгаа асуудлаас болж парламентын засаглал доройтож, төрийн ажил гацах ёсгүй, мөн өөрийн нэр төрийг гутаасан асуудлыг цэгцлэх, нэр төрөө сэргээх үүднээс УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна гэж тайлбарласан.
Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад нийт гишүүдийн 71 нь татгалзаж санал өглөө. Ингэснээр Г.Занданшатарын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна. УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор батална.
Залгаад Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөх эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад 114 гишүүн оролцсоноос 102 нь буюу 89.5 хувь нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжив. Тэрээр УИХ-ын 13 дахь даргаар ажиллаж байсан юм.
Монгол, Бүгд Найрамдах Энэтхэг Улсууд Стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхээр тохиров
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохирлоо.
Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газраас “Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2025-2026 онд 70 монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа онцоллоо.
Талууд соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжиж ажиллахаар санал нэгдэв.
Хэлэлцээний үр дүнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.
Төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурмутай уулзаж, Монгол-Энэтхэгийн бизнес форумд оролцсон байна.
Багш нар орон даяар ажил хаялаа
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн наймдугаар сараас багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч одоо хэр нь тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа учир пүрэв гаргаас багш нар орон даяар хугацаагүй ажил хаялт зарлалаа.
Ажил хаялтад нийслэл, аймаг, орон нутгийн 118 ЕБС, 256 СӨБ-ын байгууллагын 23 мянган орчим багш, ажилчид албан ёсоор оролцож байна.
Багш нарын ажил хаялттай зэрэгцэн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах талаар шаардлага дахин хүргүүллээ. Улмаар эмч, ажилчдын цалинг 3.5 сая болгох тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Үүнээс гадна эмч нар эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдолтой, ариутгалын бээлий хүртэл олдохгүй хүнд нөхцөлд ажиллаж байгааг дурдаад, уг асуудал нь зөвхөн эмч, ажилчид цалингаа нэм гэхээс илүүтэй Монгол Улсын 3 сая 500 мянга гаруй иргэдийн эрүүл мэнд хохирч, амь нас алдах эрсдэлд хүрээд байгааг мөн онцлов.
ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад олголоо
НИТХ-ын хуралдаанаар ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж буй.
Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу шат дараатайгаар зохион байгуулагдсан. Харин НИТХ-аас гэрээ байгуулах эрхийг олгосноор төслийн хэрэгжилтийн бодит ажил эхлэх нөхцөл бүрдэж байна.
Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талын үр өгөөж үзүүлэх юм.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг төсөл зөвхөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах төдийгүй Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх суурийг тавьж, цаашид эрчим хүч, тээвэр, ус хангамж, хог хаягдлын менежмент зэрэг бусад дэд бүтцийн мега төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж байна.
Улсын хэмжээнд инфляц 9 хувьтай гарлаа
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний есдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн хороо танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсжээ. Энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 15.0 хувь, хүнсний бүлгийн үнэ 10.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.5 хувиар тус тус өссөн байна.

