
"Банкны салбарын тойм” судалгааны 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Монголын банкны холбооноос өнөөдөр танилцууллаа.
Мөн үеэр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар мэдээлэл өгөв. Тэрээр "Цалин, тэтгэврийн зээлийн чанаргүйдэл нэмэгдсэн. Өнгөрсөн жил цалин, тэтгэврийн зээлийн чанаргүйдэл 2 хувьтай байсан бол одоо 5 хувьд хүрсэн байна. Иргэдийн өрхийн орлого дээр ирж байгаа өрийн дарамт нэмэгдсэн болов уу гэж харагдаж байна. Энэ нь төр засаг иргэдийн өрхийн орлого дээр анхаарах цаг болсныг илэрхийлж байх шиг харагдлаа.
Хугацаагүй хадгаламжаас хугацаатай хадгаламж руу хөрвөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Банкны салбарт итгэх итгэл нэмэгдсэнтэй холбоотой.
Системийн нөлөө бүхий таван банкны нийт актив өнгөрсөн оны мөн үеэс 8.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Хамгийн өндөр өсөлт үзүүлж байгаа нь Худалдаа хөгжлийн банк болон Голомт банк байна. Банкуудын өөрийн хөрөнгийн өгөөжийн дундаж хадгаламжийн өгөөжтэй тэнцүү байна.
Түүнчлэн банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ буурч байгаа ч хангалттай хэмжээний зээл гаргах хөрөнгөтэй байгаа" гэв.