
Улаанбаатар хотын агаарын чанарын хэмжилтээр агаар бохирдуулагч таван үзүүлэлтийн агууламж 3, 4 дүгээр хорооллын эцэс орчимд хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Тодруулбал, тус орчимд РМ10 тоосонцрын агууламж 124 мкг/м³ буюу агаарын чанарын стандартаас 1.2 дахин, РМ2.5 тоосонцрын агууламж 107 мкг/м³ буюу 2.8 дахин их гарсан байна.
Мөн азотын давхар исэл (NO₂)-ийн агууламж 73 мкг/м³, хүхэрлэг хий (SO₂)-н агууламж 73 мкг/м³ хүрч, тус бүр стандартаас 1.4 дахин давжээ. Харин нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн агууламж 6400 мкг/м³ болж, стандартаас 1.6 дахин их байв. Тухайн өдрийн хэмжилтээр нийслэлийн хэмжээнд РМ10 тоосонцрын агууламж 12–124 мкг/м³, РМ2.5 тоосонцрын агууламж 10–107 мкг/м³, азотын давхар исэл 15–73 мкг/м³, хүхэрлэг хий 3–73 мкг/м³, нүүрстөрөгчийн дутуу исэл 557–6400 мкг/м³-ийн хооронд байна.