
Английн жүжигчин Роберт Паттинсоны тоглосон “Primetime” кино Венецийн 83 дахь олон улсын кино наадмын үндсэн өрсөлдөөний хөтөлбөрөөр дэлхийн нээлтээ хийлээ.
Найруулагч Лэнс Оппенхаймын анхны уран сайхны кино болох уг бүтээл 2000-аад оны эхээр Америкийн телевизэд гарч байсан гэмт хэргийн нэвтрүүлгийн хөтлөгч Крис Хансены дүрээс сэдэвлэсэн бөгөөд Паттинсон гол дүрийг бүтээжээ. Жүжигчин анх кинонд зөвхөн продюсероор оролцохоор төлөвлөж байсан ч зохиолтой танилцах явцдаа дүрдээ улам татагдаж, эцэст нь өөрөө тоглохоор болсон байна.
Венецийн кино наадмын хэвлэлийн бага хурлын үеэр Паттинсон энэ дүрийг бүтээхдээ Хансены ярианы өнгө, хөдөлгөөн, дэлгэцийн төрхийг нарийвчлан судалсан тухай ярьжээ.
“Primetime” кино нь бодит гэмт хэргийн тухай телевизийн нэвтрүүлэг хэрхэн үзэгчдийн сонирхлыг татаж, телевизийн рейтингийг өсгөж, хүмүүс шуугианд яахин автаж болохыг харуулжээ. Паттинсоны бүтээсэн Крис Хансен нь гэмт хэрэгтэй тэмцэж буй сэтгүүлчийн дүр төрхөөс гадна телевизийн ертөнцөд өөрийн нэр хүнд, нөлөөг бий болгохыг эрмэлздэг хоёрдмол зан чанартай хүнээр дүрслэгддэг. Тус кино ийнхүү дэлхийн нээлтээ хийсний дараа олон улсын кино шүүмжлэгчид Паттинсоны тоглолтыг онцолж, дэлгэцийн урлагт бүтээсэн хамгийн хүчирхэг дүрүүдийн нэг хэмээн онцолжээ.
Венецийн улаан хивсний гол анхаарлын нэг нь мөн хөгжмийн ертөнцийн төлөөлөл Фиби Бриджерс байв. Тэрээр “Primetime” кинонд тоглосноор жүжигчний анхны уран бүтээлээ толилуулж, Паттинсон, Мерритт Уивер, Скайлер Жизондо зэрэг жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгджээ. Киноны нээлтийн үеэр үзэгчид тус бүтээлийг есөн минут орчим алга ташин хүлээн авсан бөгөөд энэ нь Венецийн энэ жилийн өрсөлдөөний бүтээлүүдээс анхаарал татсан нээлтүүдийн нэг болсон байна. “Primetime” киног A24 компани энэ сарын 25-наас театруудаар гаргахаар төлөвлөжээ.