
Америкийн Боливи улсад өчигдөр/2025.08.17/ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн өнөөдөр гарсан. Энэ дүн мэдээ далайд гарцгүй ч дэлхийн уушги болсон Амазоны ширэнгэн ой, Андын нуруу, Атакама цөл байрладаг байгалийн өвөрмөц тогтоцтой улсын арван сая гаруй оршин суугчийг багагүй гайхшрууллаа. Тус улсад өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Ерөнхийлөгч асан Эво Моралесын зүүнтний үзэлтнүүд ноёлж байсан. Энэ удаагийн сонгуулиар Моралес нэр дэвших эрхгүй ч түүний залгамж халаа болсон улстөрчид ялалт байгуулах хүлээлттэй байсан юм.
Гэвч сонгуулийн дүн эсрэгээрээ гарлаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд барууны болон төвийг сахисан үзэлтнүүд илт давуу байдлаар ялалт байгуулсан байна.
Гэхдээ нэр дэвшигчдийн аль нь ч 50-аас илүү хувийн саналыг авч чадаагүй учраас хоёрдугаар шатны санал хураалтыг товложээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт хоёр сарын дараа буюу ирэх аравдугаар сарын 19-ний өдөр товлогдлоо.
Хоёр сарын дараа болох сонгуульд өчигдөр болсон санал хураалтаар хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Уг хоёр нэр дэвшигчийн нэг нь төвийг сахих үзэлтэй улстөрч байгаа бол нөгөө нь барууны үзлийг баримтлагч байгаа юм.
Ирэх сонгуульд сенатын гишүүн, хотын дарга асан Родриго Паз Перьера өрсөлдөнө. Төвийг сахисан үзэлтэй нэр дэвшигч Паз өчигдрийн сонгуулиас хамгийн өндөр саналыг авсан байна. Харин түүний өрсөлдөгчөөр баруун жигүүрийн улстөрч Хорхе Туто Кирога дараагийн шатанд нэр дэвшихээр болжээ. Кирога 2001-2002 оны хооронд Боливийн 62 дахь Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан хүн юм.
Сонгуулийн саналын хуудасны 91 хувийг тоолсон дүнгээр Паз 32,8 хувийн санал авч тэргүүлсэн бол Кирога 26,4 хувийн саналаар удаалсан байна.
Харин Ерөнхийлөгч асан Моралесын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Эдуардо дэль Кастилло 3,2 хувийн санал авч, саналын тоогоор нэр дэвшигчдийн жагсаалтын зургаадугаарт бичигджээ. Бусад зүүнтний үзэлтэй нэр дэвшигчид иргэдийн дэмжлэгийг мөн адил авч чадаагүй байна. Зүүнтнүүдээс хамгийн өндөр санал авсан нь сенатын танхимын дарга залуу улстөрч Андринико Родригез найман хувийн санал авлаа.
Сонгуулийн дүнг Родриго Паз тэргүүлсэн нь улс төрийн шинжээчид төдийгүй Боливийн ард иргэдийг нилээд гайхшрууллаа. Хэн ч түүнийг манлайлна гэж төсөөлөөгүй байна. Урьдчилсан таамгаар Кирога болон бизнес эрхлэгч саятан Самуэль Дориа Медина сонгуулийг тэргүүлнэ гэж тооцоолж байсан юм.
Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа Пазын дэмжигчид нийслэл Ла Паз хотын гудамжинд гарч баяраа тэмдэглэлээ.

