
Энэ оны эхний есөн сарын байдлаар БНХАУ-ын гэрлэлтийн түвшин огцом буурч, сүүлийн 18 жилийн хамгийн доод хэмжээнд хүрчээ. Энэ нь төрөлт буурах, хүн ам зүйн дарамт нэмэгдэх асуудалд анхаарал хандуулахад хүргэж байна. Тус улсад хүүхэд төрүүлэх явдал гэрлэлттэй нягт холбоотой хэвээр байгаа юм. Иргэний хэргийн яамнаас энэ долоо хоногт нийтэлсэн мэдээллээр нэгдүгээр сараас есдүгээр сарын эцэс хүртэл 4.65 сая хос гэрлэлтээ бүртгүүлж, 2.08 сая хос гэрлэлтээ цуцлуулжээ.
Энэ нь сүүлийн 18 жилийн хамгийн бага үзүүлэлт болсныг орон нутгийн Yicai мэдээллийн агентлаг баасан гарагт уламжилсан байна.
БНХАУ-ын эрх баригчид сүүлийн жилүүдэд гэрлэлт болон хүүхэд төрүүлэхийг дэмжих зорилгоор гэр бүлийн тэтгэмж олгох, хүүхэд асрах үйлчилгээг дэмжих, төрөлттэй холбоотой эмнэлгийн зардлыг бууруулах зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлжээ. Түүнчлэн залуучууд, хүүхэд, гэр бүлд ээлтэй хотын орчныг бүрдүүлэх өргөн хүрээний бодлогын хүрээнд залуучуудын хөгжлийг хот төлөвлөлт, орон сууц, эрүүл мэнд, боловсрол болон төрийн үйлчилгээний бодлогод уялдуулан тусгахаа амласан. Гэсэн хэдий ч БНХАУ-д хүүхдүүдээс илүү өндөр настнуудыг тэтгэх ачаалал нэмэгдээд байна. Тодруулбал, өндөр настны хүн амын хамаарлын коэффициент хүүхдийнхээс давсан талаар өмнөх мэдээлэлд дурджээ.
БНХАУ-ын хүн ам 2025 онд дөрөв дэх жилдээ дараалан буурсан бөгөөд төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор хүн ам зүйчид хүн амын бууралт цаашид үргэлжлэхийг анхааруулжээ. НҮБ-ын тодорхойлсноор нөхөн үржихүйн насны буюу 15–49 насны эмэгтэйчүүдийн тоо БНХАУ-д энэ зууны эцэс гэхэд 100 саяас доош түвшинд хүрэх төлөвтэй байна.