
Мьянмарын эмэгтэй хоригдлууд эрүүдэн шүүлт, бэлгийн хүчирхийлэл болон амь насанд нь аюул учирсан үед ч эмнэлгийн тусламжийн авч чаддаггүй талаар Human Rights Watch мэдэгдэв.
Цэргийнхэн 2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж засгийн эрхийг авснаас хойш Зүүн Өмнөд Азийн ядуу буурай Мьянмар улс удаан үргэлжилсэн иргэний дайнд нэрвэгдэж, хэд хэдэн бүс нутаг нь сүйдэн, ойролцоогоор 100 000 хүн амиа алдаж, 3.5 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд байна.
Нью-Йоркт төвтэй хүний эрхийн Human Rights Watch байгууллага тайландаа, төрийн эргэлтээс хойш баривчлагдсан 30 000 гаруй улс төрийн хоригдлын дунд 6600 гаруй эмэгтэй, тэр дундаа тус улсын өмнөх удирдагч Аун Сан Су Чи, мөн 640 хүүхэд бий гэж мэдээлжээ.
“Мьянмарт улс төрийн хоригдлоор саатуулагдсан эмэгтэйчүүдийн ярьж буй зүйл нь зовлон шаналал, хайхрамжгүй байдал нь зориудын, хэвийн үзэгдэл болсон шоронгийн тогтолцооны талаар аймшигт дүр зургийг харуулж байна” гэж тус байгууллагын Ази хариуцсан дэд захирал Брони Лау хэлжээ.
Шоронгийн ажилтнууд зарим хоригдлыг мод, гинж, төмөр хоолой, зодож, заримыг нь цахилгаан гүйдлээр цохиулах, тамхины галаар түлэх, удаан хугацаагаар хүнд байрлалд байлгах болон бэлгийн хүчирхийлэл үйлддэг аж.
Уг тайланг 2025 болон 2026 онд хийсэн 17 эмэгтэй хуучин хоригдолтой хийсэн ярилцлагад үндэслэн гаргажээ. Ярилцлагад идэвхтнүүд, сэтгүүлчид, хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчид хамрагдсан байна.
Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, хуучин хоригдлуудыг төрийн эргэлтийн дараа сөрөг хүчний үйл ажиллагаа, эсэргүүцлийг шийтгэх зорилгоор баталсан хууль болон өргөн хүрээтэй терроризмтой тэмцэх хууль зэрэг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллажээ.
Шоронгийн эрх баригчид ноцтой архаг болон хурц өвчтэй хоригдлуудыг шаардлагатай эмнэлгийн тусламжаа авах боломжийг тогтмол хаадаг гэж хоригдож байсан хүмүүс Human Rights Watch-д ярьжээ. Жирэмсэн эмэгтэйчүүд ч мөн эмнэлгийн тусламж авч чаддаггүй бөгөөд зарим нь хорих өрөөндөө хүүхдээ төрүүлэхэд хүрсэн байна.
“Хэт авиан шинжилгээ хийдэггүй байсан учраас төрөх хугацааг тооцоолох ямар ч боломж байгаагүй” гэж нэгэн хоригдол Human Rights Watch-д ярьжээ. Тэрээр шөнө дунд ус нь гарсан боловч эмнэлэгт хүргүүлэх тухай бичиг өглөөний 10 цагт л ирсэн. Төрсний дараахан миний хөлд гинжийг буцааж зүүсэн” гэж тухайн хоригдол хэлжээ.