
Аравдугаар сар бол театрын сар. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо улсын болон хувийн театрууд олон шинэ уран бүтээлийг үзэгчдэд толилуулж байна. Тэдгээрийн нэг бол Улсын Драмын эрдмийн театр. Сүүлийн жилүүдэд театр шинэ соргогийг эрэлхийлж, үзэгчдэдээ театрыг илүү амьд, ямархан өгөөжтэй нөлөөлөл үзүүлдэг вэ гэдгийг мэдрүүлэхээр зорьж буй.
Тиймдээ ч энэ улирлын үзвэрээ Оросын зохиолч Михаил Рощины “Валентин Валентина хоёр” жүжгээр эхлүүллээ. Тус жүжгийн ерөнхий продюсероор Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий найруулагчаар Э.Билгүүн ажиллаа. Харин зөвлөх найруулагчаар АЖ Ч.Найдандорж, ерөнхий зураачаар СТА Б.Одсүрэн нар ажилласан байна.
Уг жүжигт Валентин, Валентина хоёрын анхны хайрын тухай өгүүлнэ. Тэд бие, биенээ сонсож, үйл хөдлөлөөс урьтаж дотоод сэтгэлдээ илүүтэй ойлголцохыг хүсэх авч тэдний зүрх бус хөндлөнгийн бусад этгээд эцсийн шийдвэрийг гаргадаг. Мэдээж тэдний аж төрөхүйн сайн сайхны төлөө гэх авч өөрсдийнхөө үзэл бодлыг эрээ, цээргүй тулгаж орхино. Мэдээж үүний харгайгаар хосуудын хайр сийчлэгдэж эхэлнэ.
Жүжгээс онцлох зүйл гэвэл хөгжим. Учир нь хөгжим тун чухал үүрэгтэйгээс гадна 1970-аас 1980-аад оны дуу, хөгжим эгшиглэх нь жүжгийн үйл явдал өрнөх цаг үеийг бүтээн цогцлоохоос гадна дүрүүдийн дотоод ертөнц, сэтгэл зүйн хурц зөрчлийг бүхэлд нь илэрхийлэх аж. Мөн хөгжимчид тайз дээр жүжигчидтэй нэг шугамд дүр бүтээж, үйл явдалд зэрэгцэн оролцож буй нь тун сонирхолтой.
Ийнхүү “Валентин Валентина хоёр” жүжгийн найруулагч болон зарим дүрийг бүтээсэн жүжигчидтэй ярилцлаа.
Жүжгийн ерөнхий найруулагч, орчуулагч Э.Билгүүн
Уг жүжиг хөнгөн хийцтэй тавигдсан. Мэдээж тайзнаа тоглогдож эхэлснээс хойш үзэгчдээс олон сайхан урмын үгийг авч байгаа. Жүжгийн дүр бүр хайрыг тодорхойлж буй. Тиймээс хүн бүр уг жүжгээс нэг зүйлийг дотроо оршоогоод гарах байх гэсэн үүднээс сонгосон.
Саунд-драма төрөл шинээр гарч ирж байна. Бид Михаил Рощины “Валентин Валентина хоёр” жүжгийг саунд-драм төрлөөр үзэгч түмэндээ барьсан. Монголд саунд драмын уран бүтээлд аль аль талаас бэлтгэгдээгүй байгаа. Бидний хувьд маш том туршлага болсон.
Хавар, намар хүний зүрх сэтгэлийг гэгэлзүүлдэг гэж би боддог. Мэдээж хэрэг бид бүхэн өнөөдөр гадагш гаруут хүн бүрээс амьд мэдрэмжийг авч чадаж байна уу гэх асуулты хариуг театрт ирээд авч чадах болов уу. Мөн театрт ирэх нь өөрөө том баяр шүү дээ. Театрт бүх зүйлийг амьдаар тоглодог. Энэ жүжигт ч гэсэн амьд хөгжмийн мэдрэмж хүн бүрийг угтана. Тийм ч учраас үзэгч түмнээ театрт ирж “Валентин Валентина хоёр” жүжгийг үзэж сэтгэлийн болон сонсох ташаалийг мэдэрч аваасай гэж хүсэж байна.
Хайрын нандин, гэнэн цагааныг яаж нэгэндээ хадгалж үлдэх вэ?
Гусевийг дүрийг бүтээж буй Т.Сэргэлэн (УДЭТ-ын жүжигчин, СТА)
Хүн бүр зүрх сэтгэлээ хайраар дулаацуулж, бидний амьдралын үндэс болсон хайрын олон талт өнцгийг нээн илэрхийлэх зүрх сэтгэлийн далдын далд байдаг олон зурвасыг энэ жүжгээр нээн харуулж байна.
Энэ бол нас насны онцлогийг харуулсан жүжиг. Өнөөдөр өндөр дээд насанд очоод бид хайрыг яаж ойлгож байна вэ? Хайрыг ухаарсан ухаарлаа бид идэр залуу насны хүмүүст юу гэж ойлгуулж тайлбарлах вэ? Яаж хайрыг таньж мэдэх вэ? Хайрын нандин, гэнэн цагааныг яаж нэгэндээ хадгалж үлдэх вэ? Гэр бүл дотор байгаа хайраа, нэг нэгнийгээ харамлаж хайрлан хайрлаж, өсгөж торниулж байгаа хайраа гадаад ертөнцөд бусадтай холбогдох хайртай хэрхэн зуурч үлдэх гэдэг олон асуулт байна.
Бид үр хүүхдээ хайрлаж байна гээд тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй, чи тийм хүнтэй суух ёстой гэсэн асуултыг байнга тулгадаг. Хэн нэгний гэнэн цагаан хайранд сүүдэр тусах вий. Мөн залуу насны анхны хайрыг олж авахдаа хайрыг материаллаг талаас нь олоод авчих вий. Зүрх сэтгэлдээ догдолж буй тэр хайрыг буруугаар олж ойлгох вий. Энэ олон асуудлыг манай жүжиг хөндөнө. Миний хувьд Гусев гэх далайчин хүний дүр дээр ажиллаж байна.
Манай театрт ирээд зүрх сэтгэлээ хөглөж, зүрх сэтгэлийнхээ баяжмал орон зайг нээгээрэй гэж хүсэж байна. Та зүрх сэтгэлээ орхигдуулаад байвал театрт хүрээд ир. Хүн болгон үзэгдэл бүрээс баяр, догдлол, харууслыг авна. Театр бол таны зүрх сэтгэлийнхээ гүн рүү орох тийм л газар. Бид өнөөдөр хажууд байгаа хүнээ бодгалийн түвшинд харж чадаж байна уу. Ийм л асуулт байна. Үүнийг манай жүжиг хөндөж байгаа. Тэгэхээр манай жүжгийг амжиж үзээд илүү сайхан мэдрэмжийг аваарай.
Т.Намсрай /Улсын драмын театрын жүжигчин/
Найруулагч Э.Билгүүн надад Валентины дүрийг санал болгосон. Тус дүрийг тайз дээр илүү сайн гаргахын тулд маш их бэлтгэл хийсэн. Хүмүүс театрт ирээд ганц зүйлийг мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ жүжигт гарч буй үзэгдэл бүрээс догдлох, эсвэл баярлах, бүр болохгүй бол шаналах ч юм уу мэдрэмжийг авах байх. Тийм мэдрэмжийг театраас аваад гараасай ч гэж хүсэж байна.
Энэ жүжиг өөрөө саунд- драмын төрлөөр тавигдсан жүжиг учраас 50 хувь нь хөгжим. Үүнээс их олон шинэ зүйлийг олж харна. Хөгжим өөрөө нэг дүр гэж үзэж байгаа учраас харилцан тоглох дүрээс гадна хөгжимтэйгээ давхар хамтарч тоглоно гэсэн үг. Зарим үед миний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, эсвэл хөгжим бид хоёрын хамтралыг үзнэ. Жүжгийн задаргаа дээр найруулагч маш сайн ажиллаж чадсаныг анзаарсан. Миний хувьд ахмад уран бүтээлчдээсээ маш их зүйлийг сурч байна.
Зохиолч Валентин, Валентина хоёрыг хэнээс нь ч илүү тавихыг бодоогүй юм байна гэж санагдсан. Адилхан нэртэй тэд ижилхэн хувь тавилантай байсан хэрнээ олон бэрхшээлийг хэрхэн давж, хамт байж чадав даа гэх бодол хөвөрнө. Мэдээж үзэгчид маань театрт тухлан ирж, нэгэн үдэш хайрын түүхээр аялаасай гэж хүсэж байна.
.

