Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Гэхдээ хүүхэд сургуулийн орчинд бүрэн хамгаалагдаж чадаж байгаа юу гэдэг зүйл асуудал дагуулсан хэвээр байна.
Өнгөрсөн долдугаар сард хүүхдийн эрхийг хангах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тодорхой бодлоготой болсон. Удирдах ажилтнуудад зориулсан “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй” сургалт өнөөдөр боллоо.

Сургалтаар хүүхэд хамгаалах чиглэлийн олон асуудлыг хөндөн ярилцаж, хэрхэн аюулгүй орчин бий болгох, бодлогоо хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
-270 гаруй сургуулийн ихэнх нь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж байгаагүй гэж гараа өргөжээ-
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн менежер С.Цэцэгээ

-Танай байгууллагын хүрээнд хүүхэд хамгааллыг юу гэж ойлгож байна. Яагаад хүүхэд хамгааллын бодлогыг бид хэрэгжүүлэх ёстой вэ?
-Манай "Дэлхийн зөн" олон улсын байгууллага оффисынхоо хүрээнд олон улсын хүүхэд хамгааллын бодлого гаргасан. Түүнийгээ Монголын хөрсөнд буулган өөрийн гэсэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлдэг. Манай бодлогын үндсэн зорилт нь бид нэн эмзэг хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Хүүхдүүдтэй ажиллаж байгаа ажилтан, сайн дурынхан, дадлагажигч оюутан, манай гэрээлэгч гээд хамтран ажиллаж байгаа талууд хүүхдийн эмзэг байдалд нэмж хор хохирол учруулах вий гэдэг дээр бид маш анхаарч түүнийгээ ажлын үндсэн мандат болгож явдаг. Хүүхэд хамгааллын бодлогыг ерөнхий боловсролын сургуульд юм уу, дотуур байранд найдаад орхиж болохгүй. Үүнд олон нийтийн хараа хяналт, дэмжлэг, туслалцаа, бусад оролцогч талууд онцгой үүрэгтэй.
-Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын асуудал хэрхэн хэрэгжиж байгаа бол?
-Хэлэлцүүлэгт оролцож байгаа сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудыг харж байхад хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг цөөн хэдэн сургууль байна. Энд цугласан 270 гаруй сургуулийн ихэнх нь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж байгаагүй гэж гараа өргөж байна. Энэ шинэ зүйл, хэрэгжүүлэхэд тэдэнд арга зүйн дэмжлэг, манлайлагч хэрэгтэй гэсэн үг. Үүнийг хэвшил болгохын тулд байнгын шалгалт, үнэлгээ хийж байх шаардлагатай. Өөрсдөө юун дээрээ алдаж байна гэдгийг харахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Түүнээс биш та нар хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхгүй байна гэж боловсролын салбарыг буруутгах ямар ч үндэслэл бидэнд байхгүй.
Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлээд эхлэхээр хүмүүс сургуулийн орчинд байгаа биет байдлын хамгаалалтыг яриад байдаг. Нэг зүйл унаж, хүүхэд тогонд цохиулах юм шиг ярьдаг. Гэтэл хүүхэд хамгааллын бодлого гэдэг их өргөн ойлголт. Ганцхан тэр хүүхэд гэнэтийн осолд өртөхөөс гадна, багшаас ирж байгаа харилцаа, манаач, жижүүр, хамт олон, эцэг эхийн зүгээс болон тэр сургуулиар орж гарч байгаа зочин төлөөлөгч гээд бүх хүн хүүхэд хамгааллын бодлогод оролцож түүнийг зан үйл, үйлдлээрээ харуулж байх шаардлагатай. Хүүхэд тэр орчинд хамгаалагдсан байна гэдгээ мэдэрч байх нь хамгийн чухал. Хайранд өсөж, хайранд сурч байна гэдгээ ойлгох учиртай.
-Хүүхэд хамгаалах чиглэлээр сургуулиудад дутагдалтай байгаа зүйл нь юу вэ?
-Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого өнгөрсөн долдугаар сарын 30-нд салбарын яамны сайдаар батлагдсан. Энэ жилээс албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байна гэсэн үг. Үндсэндээ хүүхэд хамгааллын хуулиандаа бодлоготой байна гээд тусгасан учраас энэ байгууллагууд өөрсдөө хэрэгжүүлээд явж байгаа нь сайшаалтай. Сая танхимд хүүхдийн дуу хоолойг сонсож сургуулин орчинд ямар эрсдэлтэй тулгарч байгааг асуулаа. Нэг сурагч "Би уулан дээр амьдармааргүй байна" гэсэн. Гэр нь уулан дээр байдаг, тухайн орчинд ойрхон сургууль байдаггүй болохоор 5-6 км явган алхаж, сургуульдаа ирдэг. Өдөр бүр сургуульдаа ирж очиход хэдэн цаг зарцуулах уу, тэр хүүхдийн сурах, боловсрох, хөгжих цагаас нь хулгайлагдаж байгаа гэсэн үг. Магадгүй тэнд дэд бүтэж шаардлагатай байгааг шийдэх нь биднээс шалтгаалахгүй зүйл байж болно.Нөгөө талаасаа илүү амархан шийдэх аргууд ч бий. "Багш надад нэр хоч өгөн бусдын өмнө гаргаж загнасан. Итгэлийг минь эвдсэн" гэх зүйлс хүүхдүүд хэлж байна. Багш нартай ярьж зан үйлийг нь өөрчилж чадах юм бол энэ амархан шийдэж болох асуудал.
-Сургуулийн орчинд хичээлээ тараад өөрийгөө хөгжүүлэх боломж байхгүй-
Шавь цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Билгүүтэй

-Сургуулийн орчин хүүхэд хэр ээлтэй вэ. Бүрэн хамгаалагдаж чадаж байгаа юу?
-Хүүхэд сургуулийн орчинд бүрэн хамгаалагдаж чадахгүй байгаа. Үе тэнгийнхний зүгээс ирэх сэтгэл санааны дарамт олон. Тухайлбал, үе тэнгийнхэн нь өмсөж байгаа хувцас, ямарваа нэгэн зүйлээр нь гадуурхан үг хэлээр доромжлох тохиолдлууд сэтгэлд үлдэн дарамт болдог. Түүнээс биш сууж байгаа сандал хугарах гэх мэт эрсдэл бага. Мөн сургуулийн орчинд хичээлээ тараад өөрийгөө хөгжүүлэх боломж байхгүй. Найзуудтайгаа болон багаараа сургуулийнхаа номын санд суух гэхээр номын санч байхгүй, байсан ч номын сандаа суулгадаггүй. Бид сургуулийнхаа номын санд суух боломжгүй болохоор ойролцоох зоогийн газарт суухаар хүмүүс нь уурладаг. Номын санд суулгаагүй болохоор бид Кино үйлдвэрээс Жуковын музейн тийшээ олуулаа сууж ярилцаж болох газар хайж явахад хэчнээн зам хөндлөн гарах уу, ямар аюул осол гарч болох уу гээд олон асуудал байгаа.
-Сургуулийнхаа нийгмийн ажилтанд өөрт тулгамдаад байгаа асуудлыг хэлээд хандахад хэрхэн шийдэж байна?
-Бид ямарваа нэгэн асуудлаар нийгмийн ажилтанд хандахад хүлээж аван сэтгэлээсээ хандан ярилцдаг. Өнгөрсөн хавар манай сургууль сэтгэл зүйчтэй болсон.
- Багш нарын хандлага хэр байна?
-Багш нарын хувьд зарим нь 60 оноотой байгаа хүүхдийг боодол бичгийн цаас аваад өгөхөөр нь 80 оноотой болгох гэх мэт явдал гардаг. Өөрийнхөө хөдөлмөрөөр 80 оноо авсан хүүхдийн дэргэд тухайн дүн ямар үнэ цэнэгүй вэ гэдгийг мэдрүүлээд байгаа юм шиг тийм хандлага нь таалагддаггүй.
-528 сургуулийн 11 хувь нь сургуулийн орчинд их эрсдэлтэй гарсан-
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламханд

-Сургуулийн орчны хүүхэд хамгааллын аюулгүй байдал ямар байгаа бол. Эрсдэлийн үнэлгээ хийсэн байсан?
-Улсын хэмжээнд нийт 528 сургууль орчны эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн мэдээллээ ирүүлсэн. Энэ нь улсын хэмжээний 652 сургуулиас 81 хувийг хамарсан гэсэн үг. Үнэлгээнд 32 хувь нь бага эрсдэлтэй, 56 хувь нь дунд эрсдэлтэй, 11 хувь нь их эрсдэлтэй гэсэн дүн гарсан.
-Сургуулиудад орчны ямар эрсдэл давамгай байна?
-Эрсдэлийн үнэлгээг тухайн сургуулийн гадаад, дотоод орчин гээд орчны аюулгүй байдлын найман зүйл заалтад хуваан хийсэн. Гадаад орчинд хашаа, хайс тэнд суулгасан тоноглол орж байгаа. Үүнд 101 сургууль буюу 21 хувь нь гадаад орчиндоо ямар нэгэн эрсдэлтэй гэж гарсан.
24 хувь нь буюу 124 сургууль дээр бүтэн гэрэлтүүлэг байхгүй, гадаах орчны гэрэлтүүлэг шатсан гэх мэт гэрэлтүүлгийн асуудалтай байсан. 26 хувь буюу 137 сургууль дээр дээврийн ямар нэгэн асуудал байна.
Энэ үнэлгээний дараа нийслэлийн сургуулиудын дээвэр дээр тавигдсан антенуудыг хурааж авсан байгаа. 29 хувь буюу 153 сургуулийн биеийн тамирын талбай нь ямар нэгэн эрсдэлтэй гарсан.
Дотоод орчин буюу анги танхимд хийсэн судалгаагаар 20 хувь буюу 107 сургуульд дотоод орчинд ямар нэгэн эрсдэл байна. 26 хувь буюу 137 сургууль дээр ариун цэврийн байгууламж эрсдэлтэй, хүрэлцээгүй, гадаа байдаг гэж гарсан. Улаанбаатарын сургуулиудын хувьд ариун цэврийн байгууламж нь дотор байгаа бол захын хороололд дотор, гадна ашигладаг хос хэлбэртэй, хөдөө орон нутгийн сургуулиудын 60-70 хувь нь дотор гадна хос байдлаар ариун цэврийн байгууламжаа ашигладаг гэж гарсан.
30 хувь буюу 158 сургууль дээр сантехник буюу дулаан усан хангамжийн асуудалтай байх жишээтэй.
Зөвхөн цахилгааны асуудлыг салгаад аваад үзвэл 24 хувь буюу 127 сургууль дээр цахилгааны асуудал байгаа гэсэн үг.
-Эрсдэлийн үнэлгээг дахин хийх үү?
-Эрсдэлийн үнэлгээг ирэх аравдугаар сард дахин хийнэ. Ингэхдээ гэрэлтүүлэг, гадна орчны байдлаа 2019 оны төсөвтөө тусгах боломжтой зүйл болон боломжгүй зүйл нь юу байна гэдгийг тодруулна. Мөн энэ үнэлгээний дараа юу хийсэн ямар эрсдэлүүдийг хэдэн хувиар бууруулж чадсан гэдгийг ч гаргана.
Улсын хэмжээнд Баянхонгор, Булган, Хөвсгөл аймгийн сургуулиуд эрсдэлийн үнэлгээний мэдээллээ ирүүлээгүй. Баянхонгор аймаг гэхэд сургуулийн орчинд хийсэн эрсдэлийн үнэлгээний найман заалтаар биш үйл ажиллагаа, өвөлжилттэй холбоотой мэдээллээ ирүүлсэн. Дараагийн судалгаанд улсын хэмжээний бүх сургууль 100 хувь хамрагдана.