Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт ТЭЦ 4 ДЦС-д гарсан гэмтлийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "ТЭЦ 4 ДЦС-д гарсан аваартай холбогдуулаад хэлэхэд яг энэ үйлдвэрлэл, аюулгүй байдлыг ерөнхий инженер хариуцдаг. Ерөнхий инженер Б.Дашдаваад хариуцлага тооцооч гэсэн бичгийг Төрийн өмчийн хороонд явуулж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байна. Яам өөрөө хариуцлага тооцох эрх мэдэлгүй. Та нар аваар осол гарахаар над руу хандаж байна. Гэтэл энэ компаниудыг чинь удирдаж, төсөв төлөвлөгөөг нь баталж, хариуцлага тооцож байгаа субьект нь Төрийн өмчийн хороо болчихоод байгаа. Бид ТӨХ руу иймэрхүү хүсэлт л явуулж байна. Энэ хүсэлт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа нь сахилга хариуцлага сулрахад нөлөөлж байна. Засгийн газар энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшлогдсон.
Энэ явдал манай эрчим хүчний систем бие даасан систем биш гэдгийг харууллаа. ТЭЦ 4 дээр аваар гарахад бүгдээрээ зогсож байна. Үүнийг савалт гэдэг. Харьцангуй хүчин чадлын хувьд зөрүүтэй, ТЭЦ 4-ын нэг блокийн хүчин чадалтай станц бол ТЭЦ 3. Энэ байдал бидэнд том дохио сануулга өглөө. Өнөөдөр бид Багануур дээр 350 мгвт-ын хүчин чадалтай 2 генератортай станц барих тухай ярьж байгаа. Гэтэл ТЭЦ 4 380 мВт-ттай явж байгаад унахад бүгд дагаад унаж байна. Тиймээс Багануурын асуудлыг бодолцох хэрэгтэй. Яг саяных шиг системд савалт үүсгэх нэг станцтай болж болзошгүй.
Хоёрдугаарт нар, салхины цахилгаан үүсгэврийг ихээр хөгжүүлж болохгүй гэдгийг энэ явдал харуулж байна. Нарны станц 300 мВт хүрээд гэнэт наргүй болохоор яг ийм аваар гардаг. Энэ мэтчилэн бид бодлого дээрээ өөрчлөлт гаргаж, нар салхины станцын зөвшөөрлөө цэгцлэх хэрэгтэй. Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцуудын ажлыг урагшлуулж, Амгалангийн цахилгаан станцыг 50 мгвт-аар өргөтгөн зөвхөн дулаан үйлдвэрлэдгийг цахилгаан үйлдвэрлэдэг болгох хэрэгтэй. ТЭЦ 3-ыг 75 мВт-аар өргөтгөх боломж ч бий" гэв.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та салбарын сайд нь шүү дээ,хэлээд байгаа зүйлсээ хийхгүй юм уу?
-Бид яриад хийх гээд явж байна. Нарны цахилгаан станц дээр 24 компанийг зогсооход над руу дайрч байна. Би зогсоосон, нэг ч ширхэг лиценз олгоогүй. Нар, салхины цахилгаан станц дээр миний өмнөх улсууд 1500 мВт-ын зөвшөөрөл өгөөд явсан. Гэтэл энэ нь 300 мВт-аас дээш байж болохгүй.
-ТЭЦ 4 дээр гарсан аваар засагдаж дууссан уу?
-Аваараас үүдэлтэй хоёр генератор дээр гэмтэл гарсан. Тэрийг нягтлах хэрэгтэй. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Орой тийшээ бид дөрөв дэх генераторыг ажилд оруулна. Сая бид ТЭЦ 4 дээр дөрвөн генераторыг өргөтгөх ажил эхэлсэн байсан. Нэг генератор дээр ОХУ-ын мэргэжилтнүүд ирсэн байсан ч энэ ажил удаашраад тэр генераторыг ажилд оруулахаас өөр аргагүй байдалд орлоо. Маргаашнаас эхлээд дөрөвдэх генератор ажиллаж эхэлнэ.
-Багануур дүүрэгт одоог хүртэл цахилгаангүй байна гэсэн?
-Одоо аваартай холбоотой хязгаарлалт хийх шаардлагагүй. Тэр засвар үйлчилгээтэй холбоотой байж магадгүй. Одоо бол өвөлжилтийн бэлтгэлээ ханган засвараа хийх үе. Тиймээс бид тодорхой шугамуудыг хэрэглэгчдээс салгаад засвар үйлчилгээ хийдэг түүнтэй холбоотой байх.
-Аваартай холбогдуулаад хэдий хэмжээний хохирол үүссэн гэдэг урьдчилсан дүн гарсан уу?
-Тэрийг тодорхойлоход төвөгтэй. Жишээ нь талх үйлдвэрлэж байсан газарт саатал гарч 2-3 цаг саатсан зүйл байгаа байх. Тэр хэмжээгээр л хохирол гарч байгаа. Айлд ч гэсэн хохирол гарч байгаа.
Станц дээр гарсан аваарын тухаайд бид засвар үйлчигээтэй холбоотой зардлыг өөрийнхөө төсөвт багтаагаад хийчихээр бага зардал байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ аваар ямар нэгэн үндсэн тоноглол, төхөөрөмж эвдэрснээс болж гараагүй. Тиймээс хохирлын хэмжээ станц дээрээ бол бага.
-Аваараас болоод зарим хэрэглэгч дулаанаа авч чадаагүй юм уу?
-Тийм зүйл байхгүй. Ааваараас болоогүй, засвар үйлчилгээтэй холбоотой дуусаагүй зүйлс байгаа байх. Цаг хугацааны хувьд тэр өдөр давхцсан зүйл байгаа , одоо хэвийн болсон.