
Израилийн сэтгүүлч, найруулагч Юваль Абрахам, Рэйчел Сзор нарын “Naza” баримтат кино Венецийн кино наадмаар дэлхийн нээлтээ хийв. Тус кино нь Газын дайны талаарх хамгийн хурц бүтээлүүдийн нэг болж байна.
Кинонд Израилийн цэргийн болон тагнуулын байгууллагад ажиллаж байсан 24 хүний нэрийг нууцалсан ярилцлагыг багтааж, Газад агаарын цохилтын байг хэрхэн сонгож байсан талаарх тэдний мэдүүлгийг дэлгэжээ. Бүтээлийн нэр болох “Naza” нь Израилийн цэргийн хүрээнд агаарын цохилтын үеэр хүлээгдэж буй энгийн иргэдийн хохирлын хэмжээг илэрхийлдэг нэр томьёоноос гаралтай гэж найруулагчид тайлбарла.
Ярилцлагад оролцсон зарим алба хаагч энгийн иргэдийн амь насыг цэргийн ажиллагааны тооцоолсон “хохирол” болгон үздэг тогтолцоо байсан хэмээн өгүүлжээ. Тус бүтээл нь Венецийн “Алтан арслан”-гийн төлөө өрсөлдөж буй 21 бүтээл доторх цорын ганц баримтат кино бөгөөд нээлтийн дараа үзэгчид 25 минутын турш алга ташжээ.
ИЗРАИЛИЙН АРМИ ТАЙЛБАР ӨГСӨНГҮЙ
“NAZA”-гийн хамгийн анхаарал татсан хэсэг нь Израилийн цэргийн бай сонголтод хиймэл оюун ухаан болон тандалтын систем ашигласан тухай өгүүлэмж юм. Кинонд ярилцлага өгсөн тагнуулын ажилтнууд олон мянган гар утаснаас цуглуулсан мэдээллийг ашиглан бай илрүүлдэг системийн талаар ярьж, зарим тохиолдолд гэр бүлийн орон байр хүртэл довтолгооны бай болсон гэж мэдүүлжээ. Найруулагчид Газын сүйрлийн дүрслэлийг хэт олон үзүүлэхээс татгалзаж, харин Тель-Авивын шөнийн дээвэр дээр хийсэн ярилцлагуудаар дамжуулан дайны цаадах шийдвэрийн механизмыг харуулахыг зорьсон байна. Ингэснээр өдөр тутмын амьдрал үргэлжилж буй Израилийн хот болон хэдхэн арван километрийн цаадах Газын сүйрлийн хоорондын эрс ялгааг киноны үндсэн дүрслэлийн нэг болгожээ.
Израилийн арми хиймэл оюун ухаант систем ашигласан ч хүний хяналт шийдвэр гаргалтад зайлшгүй оролцдог гэж мэдэгддэг бөгөөд "Reuters"-ийн асуултад “Naza”-д гарсан тодорхой мэдүүлгүүдийн талаар тэр даруй тайлбар өгөөгүй аж.
"NAZA"-Д ЮУ ӨГҮҮЛЭВ?
Найруулагч Юваль Абрахам, Рэйчел Сзор“Naza” нь зөвхөн дайны тухай баримтат кино бус, хүчирхийлэл хэрхэн өдөр тутмын захиргааны шийдвэр, тооцоолол болон хувирч болох тухай асуулт тавьж буй бүтээл юм. Юваль Абрахам, Рэйчел Сзор нар өмнө нь “No Other Land” баримтат киногоороо Палестины Баруун эрэг дэх Израилийн нуралт, газар нутгийн маргааныг хөндөж, Оскарын шагнал хүртэж байсан бол энэ удаа өөрсдийн эх орны нийгэм доторх байр суурийг ашиглан дайны цаадах механизмыг дотроос нь шинжлэхийг оролджээ.
Кинонд гарсан зарим алба хаагч өөрсдийн харсан зүйлээ Холокостын үеийн хүн чанаргүйжүүлэлтийн түүхтэй харьцуулсан бөгөөд найруулагчид үүнийг Израилийн бодлогыг бүхэлд нь тодорхойлох бус, ярилцлагад оролцогчдын өөрсдийн эргэцүүлэл гэж тайлбарлалаа.
“Naza”-г “The Guardian” болон “The Zone of Interest” киноны найруулагч Жонатан Глейзерийн баг дэмжин бүтээсэн нь олон улсын анхаарлыг улам нэмэгдүүлжээ. Ийнхүү Венецийн кино наадамд уг бүтээл кино урлагийн бүтээлээс давж, дайн, технологи, ёс суртахуун, хүний амь насыг тооцоолох тухай олон асуудлыг хөндөж байна.
ЭХ СУРВАЛЖ БЭЛТГЭХ АЖИЛ ГУРВАН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭВ

Тус киноны эх сурвалжуудыг цуглуулах ажил гурван жил үргэлжилжээ. Найруулагч Юваль Абрахам, Рэйчел Зор нар Израилийн цэрэг, тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг шууд кинонд оролцохыг ятгахад маш урт хугацаа зарцуулсан байна. Венецийн кино наадмын уран сайхны удирдагч Альберто Барбера ч эдгээр эх сурвалжуудыг кинонд яриулахын тулд найруулагчид гурван жилийн турш ажилласныг онцолжээ. Киноны агуулгыг нээлт хүртэл хатуу нууцалсан бөгөөд эх сурвалжуудын аюулгүй байдлыг хангахын тулд зураг авалтыг нууцаар хийсэн аж.
Энэ бүтээл өмнөх “No Other Land” киноны нэгэн адил зөвхөн нэг хүний түүхийг өгүүлэхээс илүүтэй том систем хэрхэн ажилладгийг харуулах зорилготой. “Naza”-гийн хувьд найруулагчид өмнө нь нийтэлсэн сурвалжилгуудыг дахин давтахаас илүүтэйгээр тэдгээр мэдээллийн ард байсан хүмүүсээр өөрсдийн ажиллаж байсан системийг тайлбарлуулсан нь онцлог юм. Рэйчел Зор “Хэвлэгдсэн мэдээллийг унших нэг хэрэг, харин тэр системийг зохион бүтээж, ажиллуулж байсан хүн өөрөө камерын өмнө тайлбарлах нь огт өөр” гэж үзсэнээ мөн онцлов. Тиймээс кинонд ярилцлага өгсөн хүмүүс заримдаа тухайн системийн ажиллагааг өөрсдөө зурж, схемээр тайлбарладаг нь баримтат киноны гол арга барилын нэг болжээ.
Өөр нэг онцлог нь кино ил тод хүчирхийллийн дүрслэлээр үзэгчийг цочроохоос зориуд татгалзсан явдал юм. 80 орчим минутын уг бүтээл бүхэлдээ шөнийн цагаар Тель-Авивын дээвэр дээр хийсэн ярилцлага, архивын материал, эх сурвалжуудын тайлбарт тулгуурладаг. Харин дэлгэцийн цаана нь энгийнээр ярьж буй хүмүүсийн мэдүүлэг улам хүйтэн, захиргааны шинжтэй сонсогдож, дайныг хүний сэтгэл хөдлөлөөс салгаж журам, тооцоо, технологийн үйл ажиллагаа болгон хувиргасан байж болох механизмыг харуулж байв.