
Төрийн ордны барилгад засвар хийж байна. Тодруулбал, Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөтгөлийн хэсэгт дээврээс дусаал гоожиж байгаа тул ийнхүү хэсэгчлэн засварлаж байгаа аж. Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийжээ. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их Хурлын танхим бүхэлдээ нэмэгдэж урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.
Төрийн ордны анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа буюу 1981 онд хоёрдахь өргөтгөл хийгджээ. Өргөтгөл хийгдсэнээр АИХ-ын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр бий болсон. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 500-аад ажлын өрөөтэй, гадагшаа харсан 900 гаруй цонхтой юм байна.
Дашрамд мэдээлэхэд, Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь Их танхим /хуучнаар АИХ-ын танхим/ олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг 800 гаруй хүний суудалтай, 12 хэлээр орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна. Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг. Харин 2016 онд Улсын Их Хурлын даргын 22 тоот захирамжаар Төрийн ордны байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус өөрчлөн нэрлэхээр шийдвэрлэсэн юм.