Өнгөрсөн хугацаанд гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтыг гааль хариуцдаг байсан. Гэтэл арьсны өвчин судлалын үндэсний төвд хандсан иргэдийн тодорхой хувь нь дээрх бүтээгдэхүүнээс харшилсан болохыг тогтоосон байна. Иймээс хяналтыг энэ оны тавдугаар сараас эхлэн мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа юм.

Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтаас харахад хамгийн түгээмэл илэрдэг зөрчил нь тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангахгүй байсан явдал. Ялангуяа хүүхдийн живхийг  авто машинтай  хамт ачих, бусад бараатай хольж авчрах тохиолдол их гарсан. Мөн  Замын-Үүд боомтоор  зарим брэндийн дуураймал бүтээгдэхүүн орж ирсэн гэх мэт асуудал дурдагдаж байна. Харин иргэд гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн сонгохдоо гарал үүсэл, хаяг шошго, МХЕГ-аас олгож байгаа  бүтээгдэхүүний баталгаажилтын дүгнэлтийг шалгах хэрэгтэй гэж зөвлөлөө.

Импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнд ямар шаардлага тавьдаг, хэдэн оны ямар стандартыг мөрддөг зэргийг  Мэргэжлийн хяналт ерөнхий газрын улсын ахлах байцаагч  Т.Төмөрбаатараас тодрууллаа.

-МХЕГ-ын зүгээс импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнд сүүлд хэзээ шалгалт хийсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар тогтоол гарсан. Хуучин 233 дугаар тогтоолын  хүрээнд импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний хяналтыг гаалийн хяналтаар хянаж байсан. Сүүлийн жилүүдэд  гоо сайхны бүтээгдэхүүн  болон ахуйн химийн бүтээгдэхүүнтэй холбоотой янз бүрийн хордлого, харшил зэрэг гарах болсон. Үүн дээр  үндэслэн гоо сайхны бүтээгдэхүүнийг 63  дугаар тогтоолоор эргэн хяналтдаа авсан байгаа. Энэ хүрээнд дээрх тогтоолоор гоо сайхны 14 төрлийн ахуйн, химийн төрлийн барааг хянаж  байгаа. Түүнийг үндэслэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар хяналтын  хуудас батлагдсан. Хяналтын хуудсаар гоо сайхны бүтээгдэхүүний баримт бичиг, биет үзлэгийн хяналт, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээнд хамруулна гэсэн тушаал гарсан.

-14 нэр төрлийн бүтээгдэхүүнд шалгаж байгаа гэлээ. Ямар, ямар бүтээгдэхүүн бэ?

-Хүний өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болох гарын саван, шампунь, угаалгын нунтаг, ариун цэврийн цаас, нүүрэнд түрхдэг гоо сайхан арьс арчилгааны бүхий л  төрлийн бараа орно. Гоо сайхны бараанд тавигдах холбогдох стандартууд байдаг. Үүний дагуу  Стандарт хэмжил зүйн газартай хамтран есдүгээр сарын 1-нээс гоо сайхны бүтээгдэхүүний стандартад үнэлгээ хийхээр ажиллаж байна. Ямар гоо сайхны бүтээгдэхүүний стандарт нь хуучирсан, шинэчлэх ямар шаардлагатай байгаа, цаашид Европын  холбооны стандартуудад яаж нийцүүлэх үү гээд энэ хүрээнд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ялангуяа сүүлийн үед  гоо сайхны бүтээгдэхүүнээс шалтгаалаад харшил болон янз бүрийн эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл гараад байгаа. Энэ хүрээнд 2018 оны тавдугаар сар хүртэл судалгаа хийсэн. Судалгаагаар арьсны өвчин судлалын төв дээр эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тодорхой хувь нь үсний будаг, шампунь зэрэг бүтээгдэхүүнээс харшилсан тохиолдол гарсан.

-Ихэвчлэн аль улсаас орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн дээр зөрчил илэрдэг вэ?

-Ихэнх тохиолдолд БНСУ-аас импортоор орж ирэх бараа болон БНХАУ-аас  хуурамч, бараа орж ирэх тохиолдол бий. Өнгөрсөн оны судалгаанаас харахад голдуу тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангахгүй байгаа зөрчил илэрсэн. Ялангуяа хүүхдийн живхийг БНСУ-аас автомашинтай  хамт ачих, бусад бараатай хольж авчрах тохиолдол гарсан. Мөн  Замын-Үүдийн боомтоор зарим брэндийн дуурайсан бүтээгдэхүүн орж ирсэн. Үүнийг бид устгах арга хэмжээг авсан.

-Зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагуудад ямар хариуцлага тооцож байна?

–Зөрчлийн тухай хуулиар хариуцлагын заалт нэлээн өндөр болсон. Тус хуулийн хүрээнд эрүүл ахуйн тухай хуулийн 8.2,8.3-т зааснаар тухайн бараа чанар аюулгүй байдлын шаардлага хангасан байх ёстой. Хоёрдугаарт, экспортлогч улсаас эрүүл ахуйн болон чанарын бусад гэрчилгээтэй байх ёстой. Гуравдугаарт, гоо сайхны бүтээгдэхүүнийг бусад бараатай хольж тээвэрлэхгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Хэрэв эдгээрийг зөрчих юм бол зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг торгох торгуулийн заалт өндөр байгаа. Тэгэхээр аль аль тал нь гоо сайхны бараа импортлохдоо хариуцлагатай байх  ёстой.

–Охид, бүсгүйчүүд онлайнаар гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан авах нь ихэссэн. Үүн дээр танай байгууллагаас ямар хяналт тавьж байна?

-Цахим худалдааны тухай хууль одоохондоо гараагүй. Гэхдээ бид хяналт тавьж байгаа. Иргэдийн гомдол, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн гомдлын дагуу Эрүүл мэндийн яамтай хамтраад цахим сүлжээгээр зарагдаж байгаа бараанд хяналт тавьдаг. Цаашид эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүний тухай , худалдааны тухай гэсэн хууль гарна. Энэ хуулийн хүрээнд илүү зохицуулагдана.Бид  холбогдох арга хэмжээг авч байгаа боловч нууцаар зарагдах, худалдан борлуулах үйл ажиллагаа явагдаад л байна.

-Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ?

-Гоо сайхны бүтээгдэхүүн хүнсний  бүтээгдэхүүний дараа ордог эрсдэлт бүтээгдэхүүний ангилалд хамаарагддаг. Хамгийн гол нь  бүтээгдэхүүний гарал үүсэл, хаяг шошгыг харах хэрэгтэй. Түүнээс гадна МХЕГ-аас олгож байгаа  бүтээгдэхүүний баталгаажилтын дүгнэлтийг шалгах нь зөв.

Харин гоо сайхан, арьс арчилгаа, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаар НЭМҮТ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан судалжээ. Иргэд дурын бүтээгдэхүүнийг худалдан авахдаа ямар орц, хэмжээтэй хэрхэн хэрэглэх аргыг худалдаачдаас шаардах эрхтэй аж. Гэтэл өнөөдөр хэрэглэгч дурын бүтээгдэхүүнийг сонгохдоо таамгаар хэрэглэдэг нь эргээд өөрсдийг нь эрсдэлд оруулж байгааг санууллаа.

НЭМҮТ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан “Гоо сайхны бүтээгдэхүүнд химийн найрлага орсон учраас зориулалтаар нь хэрэглэх ёстой байдаг. Манайхан харамсалтай нь том хүний гялтганах байдалтай, генд нөлөөлөх өндөр найрлагатай химийн өндөр нэмэлт бүтээгдэхүүн, бодисуудыг үсэнд зориулсан бүтээгдэхүүнийг хүүхдэд хэрэглэдэг. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүний дагалдах сертификат, найрлага, хориглосон бодисууд байна уу, таны биед харшил өгөх бодисууд байна уу гэдгийг сайн нягталж харж байж авах шаардлагатай. Ахуйн химийн бодисууд буюу ариутгал, гоо сайхны бодисуудыг дүрэмдээ хэрэглэх заавар нь монгол хэл дээр байж түүнийг худалдаалах заавар олгогддог. Аливаа зүйл өөрийн монгол хэл дээр биш бол түүнээс зайлсхийх хэрэгтэй. Тэдгээр бүтээгдэхүүн мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангаагүй орж ирсэн бараа бүтээгдэхүүн байна гэж бодох хэрэгтэй. Ахуйн химийн бодис буюу гоо сайхны бүтээгдэхүүн дотор өөрөө химийн найрлагагүй бодис гэх юм бол байгалийн экологийн цэвэр бүтээгдэхүүн буюу үнэ өртөг өндөртэй байдаг. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүн химийн бодистой гэдгийг бид мэднэ. Тухайлбал, аяга таваг угаагч, жимс угаагч бодис нь тэрхүү шавьжийг устгах зориулалттай ч зааврын дагуу хэрхэн хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Ийм бүтээгдэхүүн хэрэглэхдээ бээлий хэрэглэж өөрийгөө хамгаална гэх зэргээр хэрэглээний соёлд манайхан сурах ёстой болж байгаа" гэлээ.

Иймээс ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлж хэрэглэгчид худалдаачдад шаардлага тавьдаг, хэрэглэх зааврыг давхар авах эрхтэй гэдгээ санаж худалдан авалт хийх нь чухал байна.