Монгол Улсын санхүүгийн мөчлөг тодорхойлох судалгааг Монголбанкны мэргэжилтнүүд өнгөрсөн жил хийж байжээ. Уг мөчлөгийн судалгаагаар, манай санхүүгийн салбарт эрсдэл илүү удаан хугацаагаар өндөр далайцтай хуримтлагдаж буй нь ажиглагдсан байна.

Тодруулбал, манай улсад 2000 оноос хойш санхүүгийн мөчлөгийн 3 оргил, 3 ёроол цэг тодорхойлогдсон бөгөөд бүтэн мөчлөгийн хугацаа 5.25 жил байна. Мөчлөгийн ёроолоос оргил хүрэх дундаж далайц, оргилоос ёроол хүрэх дундаж далайцаас 88 хувиар өндөр байна. Мөчлөгийн өрнөл хэсэг дунджаар 13 улирал үргэлжилж байхад уналтын хэсэг 8 улирал үргэлжилж байна хэмээн тооцоолжээ. Мөчлөгийн ёроолд хүрэхэд, манай аль нэг банк дампуурч эсвэл ДНБ сөрөг гарч байсан байх нь. 2008-2009 оны хямрал эхэлсэн хугацааг харвал энэ үед Анод банк дампуурч, банкны салбарын чанаргүй зээл огцом өссөн төдийгүй 1 улирлын дараагаас буюу 2009 оны 1 дүгээр улирлаас эхлэн 3 улирал дараалан бодит ДНБ-ий өсөлт сөрөг утга авч байжээ.

Хөрөнгийн зах зээлийн идэвхжлийг илэрхийлэх эргэлтийн харьцааны үзүүлэлт манайд сүүлийн 10 жилийн дунджаар 7.7 хувь байгаа нь бага-дунд орлоготой орнуудын дунджаас 4.4 дахин, дэлхийн дунджаас 5.1 дахин бага байгаа гэхчлэн өөр үзүүлэлт гарч байгаа

Монгол Улсын санхүүгийн салбарын гол бүтээгдэхүүн нь банкны зээл бөгөөд нийт зээлийн багцын 96 хувийг бүрдүүлдэг төдийгүй арилжааны банкууд нийт санхүүгийн системд өндөр байр суурь эзэлдэг учраас санхүүгийн мөчлөгийг илэрхийлэх хувьсагчид банкны зээлийн үзүүлэлтүүдийг зүй ёсоор оруулсан байна.

Харин манай улсад хөрөнгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй, хувьцааны багцад төвлөрөл маш өндөр байдаг учраас хувьцааны арилжаа идэвхтэй явдаггүйгээрээ бусад орноос өөр байсан аж. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар 75 хувиас дээш төвлөрөлтэй хувьцаат компанийн тоо хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компанийн 60 гаруй хувийг эзэлж байсныг “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал” судалгаанаас эш татсан байлаа.

Мөн хөрөнгийн зах зээлийн идэвхжлийг илэрхийлэх эргэлтийн харьцааны үзүүлэлт манайд сүүлийн 10 жилийн дунджаар 7.7 хувь байгаа нь бага-дунд орлоготой орнуудын дунджаас 4.4 дахин, дэлхийн дунджаас 5.1 дахин бага байгаа гэхчлэн өөр үзүүлэлт гарч байгаа аж.

Мөчлөгийг  хэрхэн тооцдог вэ

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас өмнө мөнгөний уламжлалт бодлого нь өөрийн зорилтод хүрч, үнийн тогтвортой байдлыг хангахын сацуу өсөлтийг дэмжиж байсан бөгөөд эдийн засагчид макро эдийн засгийн хэлбэлзэлд гол анхаарлаа хандуулж байв. Гэтэл 2008-2009 оны хямрал дан ганц мөнгөний бодлого санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангахад хангалтгүй болох нь харагдсан гэж хэлж болно. Хямралын дараа улс орнууд эдийн засгийн мөчлөгөөс гадна санхүүгийн мөчлөг, түүнд чиглэсэн макро зохистой бодлогын асуудалд анхаарал хандуулах болсон байна. Санхүүгийн системийн эмзэг байдал мөчлөгийн шинж чанартай үүсдэг тул санхүүгийн мөчлөгийг таньж мэдэх нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро зохистой бодлого хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм

Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын санхүүгийн мөчлөгийг Олон улсын төлбөр тооцооны банкнаас боловсруулсан аргачлалын дагуу тооцоход Монгол Улсын санхүүгийн салбарт эрсдэл илүү удаан хугацаагаар өндөр далайцтай хуримтлагддаг болохыг дээр өгүүлсэн. Санхүүгийн мөчлөг 2008-2009 оны санхүүгийн хямрал эхлэхээс 5 улирлын өмнө оройн цэгтээ хүрч, санхүүгийн салбар хэт тэлсэн болох нь макро эдийн засаг, санхүүгийн салбарын голлох үзүүлэлтүүдээс харагдаж байна. Санхүүгийн мөчлөг 2015 оны 4 дүгээр улирлаас хойш өрнөлийн төлөвт шилжсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар уг хандлага үргэлжилсэн байна. Монгол Улсын санхүүгийн мөчлөг бизнесийн мөчлөгөөс илүү давтамж багатай, далайц өндөртэй байгаа нь бусад улс орны судалгааны ажлын үр дүнтэй ижил байна. Тодруулбал, санхүүгийн бүтэн мөчлөгийн хугацаа бизнесийн бүтэн мөчлөгөөс 2 дахин урт, хэлбэлзэл нь 2 дахин өндөр байна.

Санхүүгийн мөчлөгийн талаар нэгдсэн тодорхойлолт байдаггүй ч, Олон улсын төлбөр тооцооны банкны судлаач Borio  “Зах зээлийн эрсдэл болон үнэ цэнийг хүлээж авах байдал”, “эрсдэл болон санхүүжилтийн хязгаарлалтад хандах хандлага” хоёрын бие биенийгээ өдөөсөн харилцан хамаарал буюу хөөсрөлт болон уналтын харилцан солбисон үйл явцыг санхүүгийн мөчлөг гэж тодорхойлсон байна. Санхүүгийн мөчлөг нь 3 үе шат дамжин явагддаг байна. Аливаа зүйлийн үнэ ханшийг энэ шатуудаар тооцож, нарийвчилбал, манай улсад  энэ үе шатуудыг орон сууцны үнэтэй харьцуулж болохоор байгаа гэнэ.

Нэг. Эрсдэл хуримтлагдах үе шат Санхүүгийн байгууллагуудын баланс их хэмжээгээр тэлж, хөшүүргийн харьцаа нэмэгдэнэ; Зах зээлд оролцогчдын эрсдэлийн болгоомжлол саарч, эрсдэлийн үнэ (risk premium) буурна; Зээлийн хэт тэлэлт явагдаж, бодит салбарын идэвхжил нэмэгдэнэ; Хөрөнгийн үнэ хөөсөрч, суурь үнэлгээнээсээ хэт өндөрт тогтоно; Компанийн бонд болон засгийн газрын бондын өгөөжийн зөрүү багасна.

Хоёр. Хөөс хагарах үе шат Санхүүгийн байгууллагуудын хөшүүрэг буурч, улмаар бодит эдийн засгийн идэвхжил суларна; Хөрвөх чадвар муудаж, хөрөнгийн чанар суларна; Үнийн тохиргоо огцом хийгдэнэ; Зах зээлийн хэлбэлзэл эрс өснө; Эрсдэлийн үнэ нэмэгдэж, зах зээлийн эрсдэлийн түвшин өснө; Хөрөнгийн үнийн хөөс хагарна. 209 Монголбанк Судалгааны ажил "Товхимол 12"

Гурав. Хөөс хагарсны дараах үе шат Сөрөг шокын нөлөө хэсэг хугацаанд хадгалагдана; Зах зээлийн хөрвөх чадвар муудаж, эрсдэлийн үнэ, эрсдэлийн болгоомжлол нэмэгдэнэ; Хэджи сан зэрэг зах зээлийн томоохон оролцогчид арилжаанаас гарна; Банкуудын зээл олгох сонирхол буурч, эдийн засгийн үйл ажиллагаа суларна; Сэргэлт хэр хурдан бий болох нь санхүүгийн байгууллагууд болон бодит салбарын баланс дахь алдагдлаас ихээхэн хамаарна.

Хэрхэн мөчлөг “сөрсөн базаа” хийх вэ

Санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, макро зохистой бодлого хэрэгжүүлэхэд санхүүгийн мөчлөгийг зөв тодорхойлох асуудал чухал болох нь олон улсад яригдаж хэрэгжиж байна. Бодлого боловсруулагчид мөчлөгийн зохих үе шатанд оновчтой бодлого хэрэгжүүлснээр мөчлөгийн далайцыг бууруулж, санхүүгийн салбарт их хэмжээний эрсдэл хуримтлагдахаас сэргийлж чадна. Яг л давалгааг бууруулдаг шиг Монгол Улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлж арга хэмжээ авах шаардлагатайг харуулжээ. Санхүүгийн мөчлөгийн далайц өндөр байх нь санхүүгийн системд тэр хэрээр эрсдэл хуримтлагдаж байгааг илэрхийлэх тул манай улсад эрсдэл тэр хэмжээгээр өндөр байгааг бид харж байна. Эрсдлийг тооцоолж зах зээлийн хөөсрөлтийг намжаах боломжийг уг мөчлөгөөсөө харж тооцоолох үүргийг харин манай улсад хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

Санхүүгийн мөчлөгийн далайцыг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлого нь мөчлөгийн өрнөлтийн үед нөөц хуримтлуулж, уналтын үед хуримтлуулсан нөөцөө ашиглах гэсэн энгийн санааг агуулдаг бөгөөд санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн зах зээлийн хөөсрөлтийг намжаах, хямралаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.