Инфляци өнгөрсөн сард 8.8 хувьтай гарчээ. Эдийн засаг өсөлттэй байгаа үед энэ харьцангуй өндөр үзүүлэлт юм. Инфляци ямар учраас өссөн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодрууллаа.

-Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт бодит өсөлт гарч эхэлсэн гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байгаа. Ийм үед инфляци яагаад өсчихөв өө?

-Инфляци өссөн шалтгааныг задалж үзвэл, өнгөрсөн долдугаар сард байгаль цаг уурын нөлөө тодорхой хэмжээгээр байсан. Тодруулбал, жил бүрийн долдугаар сард шинэ ургацын ногооны түрүүч гарч, үнэ нь өсдөг ч төд удалгүй буурдаг. Энэ жилийн долдугаар сарын хувьд хүнсний ногооны үнэ буусангүй. Үндсэндээ өмнөх жилүүдийн мөн үеэс хүнсий ногооны үнэ өндөр байсан. Энэ нь инфляциар шингэж гарч ирж байна. Хүнсний ногооны үнэ инфляци 8.8 хувь гарсны нэг хувь болсон. Үүнээс гадна түлээ, нүүрсний үнэ инфляцид нөлөөлсөн.

-Зуны дэлгэр цагт түлээ, нүүрс худалдаж авах хүмүүс бага байдаг. Инфляцид хэрхэн нөлөөлсөн юм бол?

-Долдугаар сард нийт нутгаар бороо их орсон. Үүнийг дагаад нүүрс, модны үнэ өмнөхөөсөө 60 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нь инфляци өсөхөд 1.6 хувиар өсөх шалтгаан боллоо. Дээрээс нь түүхий нүүрсийг шахмал түлшээр солих бодлогын арга хэмжээ нөлөөлж байна. Үүнээс гадна шатахууны үнийн өсөлт инфляцид 0.8 хувиар нөлөөлсөн. Ганц манайд гэлтгүй дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн мэдээлэл байгаа. Засгийн газраас шатахууны үнийг татварын зохицуулалтаар хазаарлаж байсан ч орон зай нь шавхагдсан.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг болох махны үнэ инфляци нэмэгдэхэд нөлөөлсөн үү?

-Жил бүрийн зургаа, долоодугаар сараас эхлээд дараа жилийнх нь хавар хүртэл махны үнэ буурдаг дүр зураг ажиглагддаг. Харин энэ жил бороо хур элбэгтэй байсантай холбоотойгоор махны үнэ долдугаар сард өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад буураагүй. Энэ нь инфляци 1.1 хувиар нэмэгдэх шалтгаан болсон. Мөн согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ инфляци нэмэгдэхэд 0.5 хувиар нөлөөлсөн. Дээр дурдсан бараа бүтээгдэхүүнүүд 8.8 хувийн инфляцийн 5.1 хувийг эзэлж байна.

-Нийт инфляци өндөр хувьтай гарсан ч нийлүүлэлт нэлээд хувийг эзэлж байх шиг байна. Энэ тухайд?

-Тийм. Инфляци өндөр харагдаж байгаа ч үзүүлж буй дарамт нь харьцангуй бага. Энэ сард инфляци харьцангуй буурах хүлээлт байна. Тодорхой хэлбэл, долоо, найман хувиас доош орж ирэх байх. Оны эцэст инфляци 7-7.5 хувь байх болов уу гэсэн хүлээлт байна.